Уншиж байна ...

Д.Гантулга: Ирэх жилээс багш нарыг үнэлэхдээ зааж буй хичээлийнх нь сэдвээс шалгалт авдаг болно

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гүйцэтгэлийн үнэлгээний талаар Боловсролын Яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. 

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга "Гүйцэтгэлийн үнэлгээний журмыг шинэчлэн сайжруулж байгаа. Өмнө нь багшийг үнэлэхдээ эцэг эхээс асуудаг байлаа. Ихэнх эцэг эх багшийг таньдаггүй. Таньдаггүй байж яаж үнэлэх билээдээ, одоо энэ нь засагдсан. Мөн багшийн ур чадварыг сургалтын менежер, захирал, хамт олон гээд өөрөөс нь биш өөр хүмүүсээс асуугаад үнэлдэг байсан.

Тухайн багшийг үнэлэх гэж байгаа бол өөрийг нь л үнэлэх хэрэгтэй. Яаж вэ гэвэл хичээлээр зааж буй сэдвээс нь шалгалт авна. Ийм байдлаар гүйцэтгэлийн үнэлгээний журмыг өөрчилж байна. 

Гэхдээ энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээг одоо хүчин төгөлдөр байгаа журмын дагуу явуулна. Шинэчилсэн журмыг ирэх жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд хэрэглэнэ" гэлээ.

Шинэчилсэн журмыг хэрэгжүүлэх хугацааг ирэх жил гэж хойшлуулж байгаа шалтгаан нь багш нартаа журмаа сайтар танилцуулахад оршиж буй аж.

Гүйцэтгэлийн үнэлгээг

  • сургуулийн өмнөх боловсролын байгууллагад дөрөвдүгээр сарын 28-наас эхлүүлэх бол
  • ерөнхий боловсролын сургуулиудад тавдугаар сарын 12-23-нд зохион байгуулах юм байна. 

Үүний үр дүнд суурилж багш нарыг таван түвшинд хуваана.

  • Нэгдүгээр түвшний оноо авсан багш нар цалингийн 40 хувийн нэмэгдэл
  • хоёрдугаар түвшинд 25 хувь
  • гуравдугаар түвшинд 15 хувь
  • дөрөвдүгээр түвшинд 10 хувийн нэмэгдэл авах бол
  • тавдугаар түвшинд нэмэгдэлгүй гэдгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга хэллээ. 

Мөн тэрбээр "2024 оны мэдээллээр гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан нийт багшийн 8.8 хувь нь нэгдүгээр түвшин буюу хамгийн өндөр оноотой үнэлэгдсэн. Хоёрдугаар түвшинд 15 хувь, гуравдугаар түвшинд 16.7 хувь, дөрөвдүгээр түвшинд 14.8 хувь, тавдугаар түвшинд 44.5 хувь нь үнэлэгджээ.

Нийт багш нарын 55.2 хувийнх нь цалин нэмэгдэж байгаа. Ирэх жилийн үнэлгээнээс эхлээд тавдугаар түвшинд үнэлэгдсэн багш нарт үнэлгээ аваагүй ч оролцсоноор нь таван хувийн нэмэгдэл өгөх тогтоолын төслийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай ярилцаад, Засгийн газрын тогтоол гаргахаар ажиллаж байна.

Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан л бол таван хувийн цалингийн нэмэгдэлтэй. Сайн байвал бүр илүү нэмэгдүүлэх бодлогын өөрчлөлт хийхээр Боловсролын Яам ажиллаж байна" гэв.