Энэ зун Энэтхэг, Пакистанд хүний тэсвэр тэвчээрийг шалгасан их халуун болох төлөвтэй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Энэ зун Энэтхэг, Пакистан улсуудад олон зуун сая хүн агаарын хэт халалтын гамшигт нэрвэгдэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулжээ.

Дээрх хоёр улсад зуны ид халуун үе жил бүрийн тав, зургаадугаар саруудад тохиодог. Гэхдээ энэ онд халууны улирал цагаасаа эрт эхэлж, ердийн жилийнхээс удаан үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ.

Энэ долоо хоногийн сүүлээр Энэтхэг, Пакистаны зарим нутагт агаарын температур аюултай түвшинд хүрч өсөхөөр байна.

Тухайлбал Пакистаны зарим хэсэгт дөрөвдүгээр сарын 14-18-ны хооронд жилийн дунджаасаа Цельсийн 8 хэмээр илүү халахыг тус улсын цаг уурын байгууллага анхааруулсан юм.

Хамгийн өндөр нь Пакистаны баруун өмнөд Балучистан мужид Цельсийн 49 хэм хүрч халахаар байгаа ажээ.

Энэ нь Умард Америкийн хамгийн халуун, хуурай нутаг болох Үхлийн хөндийн зуны халалттай ижил түвшин гэсэн үг юм.

16 сая гаруй хүн оршин суудаг Энэтхэгийн нийслэл Делид энэ сард Цельсийн 40 хэм давж халсан өдөр гурав тохиожээ.

Энэ нь жилийн мөн үеийн дунджаас 5 хэмээр илүү гарсан тохиолдол юм байна.

Тус улсын баруун хойд бүсийн Ражастан мужид Даваа гарагт агаарын температур Цельсийн 44 хэмд хүрчээ.

Сүүлийн жилүүдэд Энэтхэг, Пакистан улсуудад олон арван мянган хүн агаарын хэт халалтын улмаас амиа алдаад байгаа.

Зарим судлаачид 2050 он гэхэд Энэтхэг улс нь хүний тэвчих хязгаарыг давж халдаг манай гарагийн эхний бүс нутгуудын нэг болно гэж үздэг.

 

Эх сурвалж: CNN