Н.Номтойбаяр: Гишүүд “Ах аа намайг бодоорой. Дэмжиж байгаа шүү” гэж өөрсдийгөө онигоонд оруулаад байх юм

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 4 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорыг улираан томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УЕП Б.Жаргалсайханаас асуулт асуув.

Тэрбээр “Надаас өмнө 32-33 гишүүн үг хэллээ. Ажилд нь бодит үнэлэлт дүгнэлт хэлж байгаа гишүүд байна. Үүнээс гадна ганц хоёр гишүүн бараг л “Ах аа намайг бодоорой. Дэмжиж байгаа шүү” гэж өөрсдийгөө онигоонд оруулаад, нэр дэвшигчээ эвгүй байдалд оруулж байгаа нь ажиглагдаад байна шүү.

Б.Жаргалсайхан прокурорын өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ажилласан байдлыг нь дүгнээд үзэхээр хуулийн өмнө ноён нуруутай байсан ч юм шиг. Үгүй бол ноёны өмнө хууль өөрөө сөхөрсөн ч юм шиг.

Таныг Ерөнхий прокурор байх үед таны орлогчоор ажиллаж байсан С.Алиманцэцэг, Нийслэлийн прокурор Ш.Нямдорж түүний доор ажиллаж байсан С.Мөнхгэрэл, н.Пүрэвдагва, лифтэнд оцгонодог гэдэг тодотголтой Б.Баасанцогт, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарын бүлэглэл, сүлжээ үнэхээр дураараа эрхэлж байсан.

2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нэг үг хэлж байсан. “АТГ болон бусад хуулийн байгууллагаар хэн нэгнийг дуудаж ял оноодог, улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө намнадаг, хуулийн байгууллагын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг, улс төрчдийг айлгадаг Ерөнхийлөгчтэй байж болохгүй” гэж байсан. Энэ үг танд яаж буусан бэ” хэмээн асуув.

Харин УЕП Б.Жаргалсайхан “Би хэлсэн үгнийх нь төлөө тайлбар өгдөг хүн биш. Тэр үгийг би тайлбарладаг хүн биш. Таны өмнө тэр үгийг тайлбарлах албан тушаалтан би биш” гэв.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Тухайн үед Хууль зүйн сайд байсан Х.Нямбаатар, Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт хууль, шүүхийн байгууллагууд үүрэг даалгавар авч, хүмүүсийг яллаад байна гэж хэлж байсан. Хууль, шүүхийн байгууллагад нөлөөлдөг нөлөөллийг байхгүй болгох вэ гэдэг нь чухал асуудал" гэлээ.