Дүүжин тээврийн нэгдүгээр шугам буюу Яармагаас Хархорин зах чиглэлийн 4.2 км замын тулгуур баганыг суурилуулах ажлыг 2025 оны гуравдугаар сарын 10-нд эхлүүлээд буй.
Өнөөдрийн байдлаар замын нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулжээ. Эдгээр тулгуур баганын өндөр 7.5-42 метр байна.
Уг зам нь хоёр зогсоолтой, 98 кабинтай байх юм байна. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл 11 минутын хугацаанд 21 км/цагийн хурдтай явна.
Төслийн туслан гүйцэтгэгч "Моннис инженеринг” ХХК-ийн барилга угсралтын менежер Ж.Анхбаяр "Дүүжин тээврийн замын 19 тулгуур баганыг суулгахдаа доошоо 15-20 метрийн диаметртэй өрөмдөж гадсан суурь, үүний дээрээс 6-9 метр өндөр бетон сууриудыг цутгана. Дүүжин тээврийн замын сууриуд газрын хөрснөөс доош 2-4 метрийн гүнд байх юм.
Тулгуурууд нь Францаас ачигдаж замдаа гарсан, тавдугаар сард бүрэн ирнэ. Дүүжин тээврийн замыг угсарч дууссаны дараа кабиныг угсарч, 2026 оны хоёрдугаар сард бүрэн хүлээлгэж өгөхөөр Нийслэлтэй байгуулсан гэрээнд тусгасан.
Хоёр талын зогсоолын барилгын ажлыг хийх бөгөөд Яармагийн буудалд дүүжин тээврийн кабиныг хадгалах хоёр давхар томоохон барилга баригдана" гэж мэдээлж байв.
Харин хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барихаар болоод байгаа юм. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармаг, Нисэхийн замын түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!