Мөрийтэй тоглоомын эх үүсвэр байж болзошгүй гэсэн үндэслэлээр Талибаны эрх баригчид Афганистан даяар шатар тоглохыг хориглосон тухай Кабулын албаны эх сурвалж Ням гарагт мэдээлжээ.
2021 онд засгийн эрхийг авснаасаа хойш Талибаны дэглэм Исламын шашны хуульд харш бүхэнтэй хатуу тэмцэж байгаа.
Өнгөрсөн онд батлагдсан Буяныг Сурталчлах, Гэм нүглээс Сэргийлэх тухай хуулийн дагуу шатар тоглохыг түр хориглож байгааг Талибаны засгийн газрын Спортын газрын хэвлэлийн төлөөлөгч Атал Машвани өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Шариатын хуулиар шатрыг мөрийтэй тоглоомын хэрэгсэл гэж үздэг. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэх хүртэл Афганистан даяар шатар тоглохыг хориглож байна” гэж тэр сэтгүүлчдэд хэлсэн байна.
Өөрөөр хэлбэл шатар нүглийн үндэс мөн эсэхийг шашны номлогчид шалгаж тогтоох хүртэл хориглож байгаа ажээ.
Афганистаны үндэсний шатрын холбоо сүүлийн хоёр жил ямар нэг арга хэмжээ зохион байгуулаагүй нь үүнтэй холбоотойг Машвани тайлбарласан байна.
Талибаны дэглэм бусад спортын төрлүүдэд ч хатуу хандаж, эмэгтэйчүүдэд ямар ч спортын төрлөөр хичээллэхийг нь хориглоод байгаа.
Өнгөрсөн онд тэд “хэтэрхий харгис”, “шариатын хуульд харш” зэрэг үндэслэлээр мэргэжлийн халз тулааны төрлүүдийг хориглож байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
57 СЭТГЭГДЭЛТЭЙ
|