УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцсон билээ.
Тэрбээр 2016-2020 оны хугацаад Хөгжлийн Банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долдугаар сард түүний энэ үйлдэлд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон. Хяналтын шатны шүүхээс Д.Цогтбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Шүүхийн шийдвэртэй холбогдуулан Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүний албан тушаалаас нь эгүүлэн татах асуудал яригдаж байгаа. УИХ шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын чуулганд өргөн мэдүүлж, шийдвэрлэнэ гэх үг үсэг хуульд бий. Төрийн байгуулалтын хороонд шүүхийн шийдвэрийг Дээд шүүх явуулна, Дээд шүүхээс авна гэсэн үг үсэг байхгүй.
Миний ахалж буй байнгын хороо асуудлыг чуулганд оруулна гэсэн үүргийн дагуу Дээд шүүх рүү бичиг явуулсан. Дээд шүүхийн бичиг өчигдөр ирсэн. Ямар нэгэн чиглэл байхгүй байгаа тул мэдээлэл өгнө үү гэсэн байдлаар бичиг явуулсан. Мэдээллийг хүргүүллээ гэх 64 хуудас бүхий Дээд шүүхийн тогтоол ирсэнтэй би өнөөдөр танилцлаа.
Би яг юуг үндэслэж чуулганд оруулах вэ гэдэг нь асуудал. Хуулийн үндэслэл, гаргалгаа байхгүй байна. Зөвхөн хувь гишүүн, Төрийн байгуулалтын эрх үүргийн хүрээнд хэрхэн оруулах, яаж хэлэлцүүлэх гэдэг зохицуулалт байхгүй. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Шүүхийн шийдвэр заавал биелэх ёстой.
2007 оны хуульд Дээд шүүхийн шүүгч ирээд чуулганд танилцуулж, баталсан тооцоод явдаг байсан. 2020 оны Дэгийн хуульд энэ заалт хасагдсан. Үндсэндээ бид гарах гарцгүй болчхоод байна. Тиймээс УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулаад явах ёстой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
|