Италийн засгийн газар болон тэрбумтан Илон Маскийн хиймэл дагуулын интернэтийн Старлинк компаниудын хооронд явагдаж байсан яриа хэлэлцээ геополитикийн асуудлын улмаас зогссоныг албаны эх сурвалж мэдээлжээ.
Тус улсын засгийн газрыг дэлхийн эрсдэлтэй бүс нутгуудад байгаа дипломат төлөөлөгчийн газрууд, батлан хамгаалах яамны албан хаагчидтай өндөр нууцлалтай сувгаар холбох энэ гэрээ таван жилийн хугацаатай, 1.5 тэрбум еврогийн үнийн дүнтэй байжээ.
Гэвч Трампын засаг захиргааны гадаад бодлого, Илон Маскийн олон нийтийн өмнө илэрхийлсэн янз бүрийн байр суурь зэрэг нь Италийн үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр яриа хэлэлцээг зогсоосон тухай тус улсын батлан хамгаалахын сайд Гуидо Крозетто саяхан хэвлэлд ярьсан байна.
Европын Холбоо одоо Старлинктэй төстэй өөрийн хиймэл дагуулын интернэтийн төсөл IRIS-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа.
Ямартай ч Италийн засгийн газар үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр Старлинкээс өөр боломжит хувилбаруудыг судлахаар болжээ.
Дээрх мэдээлэл нь АНУ болон түүний Европын холбоотнуудын харилцаанд үүссэн зөрчил гүнзгийрч, харилцан нэгнээсээ хамааралгүй болох хүсэл сонирхол нэмэгдсэний нэг жишээ болж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
|