Уншиж байна ...

Трамп Зеленскийтэй утсаар ярихдаа Украины цахилгаан станцуудыг АНУ-ын эзэмшилд шилжүүлэх санал тавьжээ

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсныхаа маргааш АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайны галыг зогсоох асуудлаар Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй нэг цагийн турш утсаар ярьжээ.

Украин, Оросын талуудын хүсэл, шаардлагыг нийцүүлэх зорилгоор ярьснаа сүүлд Трамп сошиал хуудсандаа тайлбарлаад гал зогсоох хүчин чармайлт үргэлжилж буйг мэдээлсэн байна.

Зеленский утасны яриа “эерэг”, “илэн далангүй”, “маш бодитой” болсныг бас сошиал хуудсаараа мэдээлжээ.

“Америктай хамт, ерөнхийлөгч Трамптай хамт, Америкийн манлайлал дор энэ онд багтаан тогтвортой энх тайванд хүрч чадна гэдэгт бид итгэлтэй байна” гэж тэр Х хуудсандаа бичсэн юм.

Трамптай утсаар ярихдаа Путин, Зеленский нарын аль аль нь харилцан нэгнийхээ эрчим хүчний дэд бүтцэд халдахгүй гэсэн амлалтыг өгсөн байна.

Сүүлд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ерөнхийлөгч нарын утасны ярианы талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Тухайлбал Трамп агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт системийг Украинд нийлүүлэхээр, бас тулааны талбарын нөхцөл байдлын талаар илүү ойр ойрхон мэдээлэл солилцохоор  Зеленскийтэй тохиролцсон байна.

Мөн талуудын техникийн багууд ойрын үед Саудын Араб улсад уулзаж, гал зогсоох тохиролцоог Хар тэнгис хүртэл өргөжүүлэх талаар хэлэлцэхээр болсныг Рубио мэдээлжээ.

Энэ үеэр Трамп бас Украины цахилгаан станцуудыг АНУ-ын эзэмшилд шилжүүлэх санал тавьж, энэ нь Украины эрчим хүчний дэд бүтцийн “хамгийн сайн хамгаалалт” болж болохыг Зеленскийд тайлбарласан гэнэ.

Ямартай ч энэ удаагийн утасны яриа хоёрдугаар сарын сүүлээр Цагаан ордонд болсон ширүүн уулзалтаас тэс өөр уур амьсгалд болж өнгөрсөн бололтой.

Мягмар гарагт Трамптай утсаар ярихдаа Путин дайны галыг бүрэн зогсоох саналыг нь хүлээж авахаас татгалзаж, оронд нь Украины эрчим хүчний дэд бүтцэд 30 хоногийн турш халдахгүй байх амлалт өгсөн юм.

Гэхдээ өчигдөр буюу Лхагва гарагт Украин, Оросын талууд агаарын довтолгоогоо үргэлжлүүлсэн тухай мэдээ ирж байна.

Тухайлбал Украины эмнэлгүүд Оросын агаарын цохилтод өртсөн тухай Зеленский мэдээлээд үүнийг гал зогсоох санаачилгыг Путин хүлээж авахаас татгалзсаны илрэл гэж тодорхойлжээ.

Өчигдөр бас Оросын Краснодар мужийн албаныхан газрын тосны агуулахад нь Украины дрон халдсаны улмаас бага хэмжээний гал түймэр гарсан тухай мэдээлсэн байна.

Үүнээс гадна нэг эерэг мэдээ ирсэн нь Украин, Оросын талууд өчигдөр тус бүр 175 олзны цэрэг солилцсон явдал байлаа.

Зеленский уг солилцоог дайны турш явагдсан хамгийн том ийм арга хэмжээнүүдийн нэг гэж тодорхойлоод Оросын талд нэмэлтээр хүнд шархадсан 22 цэргийг нь шилжүүлж өгснөө мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC