Мягмар гарагийн хөрөнгийн зах зээлийн уналтын дараа Тесла компани нь тэрбумтан Илон Маскийн хамгийн үнэтэй хөрөнгө биш болжээ.
Одоо түүний хөрөнгийн ихэнх хэсгийг сансрын технологийн SpaceX компанид эзэмшдэг хувь нь бүрдүүлэх болсон байна. Энэ бол сүүлийн таван жилийн хугацаанд гарсан анхны ийм өөрчлөлт юм.
Тухайлбал SpaceX дэх Маскийн эзэмшлийн хэмжээ $147 тэрбум буюу Теслагийн эзэмшлээс нь $20 орчим тэрбумаар илүү үнэлгээтэй болжээ. Гэхдээ нийт $323 тэрбумын хөрөнгөөрөө Маск дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны ханш өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш талдаа хүртэл буураад байгаа. Зөвхөн өчигдөр буюу Мягмар гарагт 5.4 хувиар унасан юм.
Үүнд Трампын засаг захиргаанд Маск төсвийн үр ашигтай байдлыг хариуцан ажиллах болсон нь нөлөөлж байгаа.
Хөрөнгө оруулагчид түүнийг бизнестээ анхаарал тавих боломжгүй болсон гэж үзээд Теслагийн хувьцаагаа зарж байгаа бол Трампын засаг захиргаанд гүйцэтгэж буй ажлыг нь эсэргүүцсэн америкчуудын тэмцэл Теслагийн борлуулалтыг бас сааруулаад байна.
Үүнд бас Трампын засаг захиргааны гадаад орнуудын эсрэг явуулж буй худалдааны дайн нөлөөлж байгаа.
Гол холбоотныхоо бизнесийг аврах зорилгоор ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Цагаан ордны гадна жагсаасан Теслагийн автомашинуудаас хувьдаа нэгийг сонгон худалдаж авсан юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!