Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороо(СЗХ)-ны удирдлагууд оролцжээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сард бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх, хэрэглээний зээл олгоход баримтлах өр, орлогыг харьцааг 50/50 болгон өсгөсөн юм.
Үүнтэй уялдуулж, СЗХ-ноос Банк Бус Санхүүгийн Байгууллага(ББСБ) болон зөвшөөрөл авч зээл олгодог бусад байгууллагад 70/30 байсан уг харьцааг 60/40 болгож, төв банкны шийдвэртэй дөхүүлсэн гэдгээ танилцуулжээ. Энэ нь импортыг хязгаарлах бодлогын арга хэмжээ болсон гэж үзэж буйгаа Сангийн сайд Б.Жавхлан тодотгож байв.
Түүнчлэн тэрбээр "Мөнгөний бодлого хатуу төлөвт гүнзгийрэн шилжиж байна. Иймд төсвийн бодлого уялдаж, хэмнэлтийн горимд орно. Мөн Засгийн газрын бүтээмжийг сайжруулах, хэмнэлтийг үр өгөөжтэй болгох Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байгаа тул уг хорооны шийдвэрүүдийг ойрын хугацаанд гаргах, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулах үүргийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд өгсөн. Төсвийн хэмнэлтийн горим хэрэгжих гол платформ нь энэ болох учиртай.
Үүнд хувийн хэвшлийн үүрэг оролцоог сайн дэмжих болно. Засгийн газар өөрийн хөрөнгийг хэмнэхээс гадна хувийн хэвшлүүдийг оролцуулж, алдаа оноогоо хэлэлцэх зарчмаар ажиллана" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!