Герман улсын парламент өчигдөр тус улсын батлан хамгаалах зардлыг өсгөх төлөвлөгөөг олонхын саналаар дэмжсэн нь нийт Европын аюулгүй байдлын орчин нөхцөлийг өөрчлөх хэмжээний том алхам боллоо.
Парламентын доод танхим Бундестагийн гишүүдийн гуравны хоёрын саналаар уг асуудал шийдэгдэх ёстой байв.
Ингэснээр Герман улс өрийн хатуу хязгаарлалтаа батлан хамгаалах салбарт үйлчлэхгүй болгож байгаа юм. Бас 500 тэрбум еврогоор дэд бүтцээ хөгжүүлэх сан байгуулахыг Бундестагийн гишүүд дэмжжээ.
Герман улс засгийн газрынхаа өрийн хэмжээг хатуу хязгаарлаж, өрийн хэмжээг өсгөхгүй байх уламжлалт бодлоготой байсаар ирсэн юм.
Гэвч Орос улс хөрш Украиныг эзлэн түрэмгийлснээр нийт Европт аюул учруулж, АНУ-д Трампын засаг захиргаа гадаад бодлогоо өөрчилсөн зэрэг нь Герман улсыг зэвсэглэх шаардлагатай болгож байгаа.
Баасан гарагт парламентын дээд танхим Бундесрат дээрх төслийг дэмжвэл хууль батлагдах боломжтой болно.
Удахгүй Германы шинэ канцлер болох гэж буй Фридрих Мерц өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр “Өнөөдрийн бидний гаргах шийдвэр нийт Европын батлан хамгаалах салбарын анхны томоохон алхам болох ёстой” гэж мэдэгдээд “аюул хол байгаа мэт хуурмаг мэдрэмжээсээ салах”-ыг уриалж байв.
Европын Холбооны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен дээрх шийдвэрийг “онцгой сайхан мэдээ” хэмээн сайшаасан байна.
Түүнтэй цуг хэвлэлийн хурал зохион байгуулж байсан Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен үүнийг “Бүх Европчуудад гайхалтай сайхан мэдээ” гэж магтжээ.
Герман улс нь зөвхөн 1945 оны түүхэн учир шалтгаанаас төдийгүй 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын улмаас батлан хамгаалах зардалдаа болгоомжтой хандсаар ирсэн юм.
Гэвч үүсээд байгаа гадаад нөхцөл байдал Бундестагийн гишүүдийг 513:207 харьцаагаар буюу гуравны хоёрын босгыг хангалттай давах хэмжээний саналаар хуулийн төслийг дэмжихэд хүргэжээ.
Германы нэр хүндтэй сонин өчигдрийн санал хураалтыг “Манай үндэстний хувь заяаг шийдэх өдөр” гэж тодорхойлсон байна.
Өмнө нь тус улс засгийн газрынхаа өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 0.35 хувиар хязгаарладаг байсан бол одоо үүнд батлан хамгаалах салбарын зардал хамаагүй болох юм.
Бас Украинд үзүүлэх Германы тусламжийн хэмжээ хязгаарлагдахгүй болж байна. Үүнийг хуулийн төсөлд “олон улсын хуулийг зөрчсөн халдлага”-д өртсөн улс орнуудад үзүүлэх тусламжийн хэмжээг өрийн хязгаарлалтаас чөлөөлөх нөхцөлөөр тусгажээ.
Ингэснээр одоогийн канцлер Олаф Шольц ажлаа өгөхөөсөө өмнө Украинд үзүүлэх гурван тэрбум еврогийн ээлжит тусламжийг шийдвэрлэх эрхтэй болж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!