Үндэсний үсэглэлийн аварга нэвтрүүлэгт “Зарим үгийн дүрмийн хэрэглээнд алдаа байгаа” тухай шүүмжлэл цахим орчинд өрнөдөг.
Тухайлбал “байцай”, “саримс”, “шавж”-аас эхлээд талцал, шүүмжлэл өрнүүлж буй үгс ба Монгол хэлний дүрмийн хэрэглээтэй холбоотой сэдвийн хүрээнд Хэл бичгийн ухааны доктор Ж.Ганбаатартай ярилцлаа.
-Монгол хэлний зөв бичгийн дүрэм ба хэрэглээтэй холбоотой эргэлзээ одоог хүртэл хүүхэд багачууд гэлтгүй томуудын дунд ч үүсэж байгааг амархан ажиглаж болохоор. Үүний нэгэн тод жишээ бол "байцай", "саримс" гэдэг үгийн хэрэглээнээс л эхлэх болов уу?
-Үндэсний үсэглэлийн аваргын эхний дугаар 2019 онд цацагдсанаас хойш тус нэвтрүүлгийг гарах үеэр зарим хүн үсгийн дүрэм ойр ойрхон өөрчлөгдөж байгаа мэтээр цахим орчинд бичих болсон.
Харин хүүхэд залуусын хувьд ийм асуудал бага байдаг. Учир нь хүүхдүүдэд толь бичиг ашиглах, шошго, код унших зэрэг дадлыг ерөнхий боловсролын сургуульд нь олгодог болсон учраас бидний үеэс арай өөр болжээ.
"Үсгийн дүрэм өөрчлөгдөж байна" гэж ярьдаг хүмүүсийн шүүмж энэ жил байцай, саримсаар эхэлж байна уу даа.
-Зарим хүн “байцаа”, “сармис” гэж бичнэ гэж өөр өөрсдийнхөөрөө л ярьж, шүүмжилж байна. Анхнаасаа л ингэж бичдэг байсан үгийг одоо өөрчилж байна гэх шүүмжлэлд хариулт өгнө үү?
-Олон нийт үсгийн дүрэм болон журамласан үг гэдэг хоёр зүйлийг хутгадаг. “Хавар” гэдэг үндсэнд урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад балархай эгшгийг нь гээх юм уу, үгүй юм уу гэдэг нь үсгийн дүрмийн асуудал.
Ямар нэгэн үгийг “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь”-д хэрхэн бичсэн байна вэ гэдэг нь “журамласан үг” юм. Тэгэхээр байцай, саримс бол үсгийн дүрэмтэй холбоогүй, журамласан үг болж байна.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” (2018), Ц.Дамдинсүрэн нарын “Монгол үсгийн дүрмийн толь” (1983) зэрэг олдоц ихтэй дурын толь бичгээс харахад л “байцай” байцайгаараа, “саримс” саримсаараа байгаа. Зөв бичих дүрэм болон журамласан үгийн толийг улсаас баталдаг учраас бид дагаж мөрдөх үүрэгтэй. Нэгэн ёсны хууль юм.
-Иргэдийн хамгийн их алддаг үгс ба тэдгээрийн дүрмийн хэрэглээг тайлбарлана уу?
-Хамгийн их алддаг үг гэхээр “байцай”, “саримс”, “шавж”-аас эхэлнэ. Гэхдээ өмнө дурдсанчлан эдгээрийг улсаас баталдаг учраас Та дарга уу, цэрэг үү, хөгшин үү, залуу юу гэдгээс үл хамааран бүгд дагаж мөрдөх үүрэгтэй.
Ер нь журамласан буюу толгой үгээс олон нийтийн түгээмэл алддаг нь “алдарт” 700 үгийн жагсаалтад орсон үгс юм.
-Эргэлзээтэй бичигддэг үгсийн хэрэглээ ба иргэдийн дунд үүссэн маргааныг таслахын тулд ямар алхам чухал вэ?
-Эргэлзээтэй бичигддэг үг гэхээр олон нийт нөгөө л 700 үгийн тухай боддог. Гэвч түүнд эргэлзээтэй буюу маргаантай зүйл огт байхгүй.
Олон нийтийн буруу бичээд хэвшчихсэн үгийг л толь бичигт байгаа хэлбэртэй нь харьцуулаад толь бичигт ингэж журамласан байдаг шүү гэдгийг тодотгосон зүйл.
Харин түүнийг түгээхдээ 700 үгийг сонгож аваад шинээр журамласан юм шиг, эсвэл үсгийн дүрэм өөрчилсөн мэтээр хүмүүст хүргэсэн нь тухайн үед ажил хариуцаж байсан албаны хүмүүсийн алдаа юм.
Үсэглэгчдийн хувьд нэг үгэнд хэд хэдэн хэцүү дүрэм дараалж орох, түүнд нь дүрмийн гажилт энэ тэр байвал түүнийг “эргэлзээтэй үг” гэж хэлж болох байх.
Жишээлбэл нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй гэдэг дүрмээр бичсэн “сурагчдадаа” гэх мэт үг, заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч эгшигтэй байна гэснээ “с, х” гийгүүлэгчийн дараа “т, ч” эгшиггүй бичигдэнэ ч гэдэг юм уу.
-Мөн Үндэсний үсэглэлийн аварга нэвтрүүлэгт үг таалгахдаа ямар толь бичгийг ашигладаг вэ?
-2018 онд хэвлэгдсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг ашиглаж байна.
-Тус нэвтрүүлгийг хийхэд хэл шинжлэлийн зөвлөх баг ажилладаг уу? Тэдгээр нь ямар хүмүүсийн бүрэлдэхүүнтэй вэ?
-Хэл шинжлэл болон боловсрол судлалын чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан судлаач багш нараас бүрдсэн зөвлөх баг бий. Миний бие зөвлөх багийн ахлагчаар ажиллаж байна.
-Эх хэлээрээ алдаагүй зөв бичих ач холбогдол, үр өгөөжийг хэрхэн хардаг вэ? Зарим хүний хувьд өөрөө анхнаасаа буруу бичиж дадсан үгсээ “энэ л зөв дүрэм” мэтээр тайлбарлаж байгаа хандлагыг хэрхэн арилгах вэ?
-Үсгийн дүрмийн мэдлэг гэдэг нь тухайн хүнийг боловсролтой хүн үү, боловсролгүй хүн үү гэдгийг бусдад харуулж байдаг хамгийн эхний “илтгэгч” юм.
Яг л хувцас шиг. Хиртэй, ноорхой хувцастай хүнийг нийгэм хэрхэн үнэлдэг билээ? Тиймээс өөрийгөө боловсролтой хүн гэж боддог бол алдаагүй зөв бичиж сурахыг эрмэлзэх хэрэгтэй.
Ном, сонин зэрэгт буруу бичсэн үгийг харсаар байгаад дасаад буруу бичдэгээ ч мэдэхгүй явж байж болно. Гэхдээ бусад хүмүүс Танаас өөрөөр бичээд, улсаараа дагаж мөрдөж буй зөв бичих дүрмийн тольд ч таныхаас өөр байгааг мэдсээр байж “миний дүрэм зөв” гэж зүтгээд байж болохгүй шүү дээ. Үүнийг жолооны дүрэмтэй адилтгаж үзвэл баруун гарын дүрэмтэй улсад миний дүрэм зөв гээд ганцаараа урсгал сөрж болдоггүйтэй л адил юм.
-Эх хэлээрээ алдаагүй, зөв бичдэг иргэдийг бэлтгэхэд ямар алхам чухал вэ?
-Мэдээж эх хэлний сургалтад анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна томчуудын үлгэр дуурайл, хандлага, соёл чухал нөлөөтэй. Үүнд наад зах нь зөв бичих дүрмийн толь ашигладаг соёлыг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй байна.
Үндэсний үсэглэлийн аварга нэвтрүүлгийг ч нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэж боддог. Учир нь цахим орчинд эх хэлний талаар хэлэлцүүлэг, шүүмж өрнөж байна. Зөв бичиж дүрмийн талаар ярилцаж, алдаатай буруу бичдэг үгсээ мэдэж авч байна. Засаж залруулж байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулиудад үсэглэлийн аварга тэмцээнийг зохион байгуулдаг болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!