Уншиж байна ...

Тойрог замд есөн сарын турш гацсан сансрын нисэгчид дэлхийдээ буцаж ирлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Есөн сарын өмнө НАСА-гийн сансрын нисэгчид Бач Уилмор, Суни Уилльямс нар Боинг компанийн анхны сансрын хөлгөөр дэлхийн тойрог замд нэг долоо хоног ажиллах төлөвлөгөөтэй хөөрсөн билээ.

Гэвч Боингийн Starliner хөлөгт техникийн доголдол гарсны улмаас хүн тээвэрлэх боломжгүй болсон тул хоосон буцаж, сансрын нисэгчид тойрог замын Олон Улсын Сансрын Станцад үлдсэн юм.

Тэгвэл хэд хэдэн удаа хойшилж, удаан хүлээсний эцэст тэд өчигдөр SpaceX компанийн сансрын хөлгөөр дэлхийдээ буцаж иржээ.

Уилмор, Уилльямс нарыг суулгасан SpaceX-ийн капсул Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө эрт Мексикийн булангийн усанд амжилттай буусан байна.

Тэд сансарт байх анхны төлөвлөсөн хугацаанаасаа 278 хоног хэтрүүлж, 286 хоногийг өнгөрүүлэхдээ дэлхийг 4,576 удаа тойрч, нийт 195 сая километр зам туулжээ.

Түүхэнд үүнээс урт хугацаагаар сансарт ажилласан хүмүүс байдаг ч тэдэн шиг ийм урт хугацаагаар саатаж, тодорхойгүй нөхцөл байдалд байсан сансрын нисгэгчид байхгүй юм.

зураг
 
Зүүн гар талаас Бач Уилмор, Суни Уилльямс нар

Гэхдээ энэ хугацаанд тэд зүгээр суулгүй их ажил амжуулсан байна.

Тэд олон туршилт судалгаанд оролцож, станцын багаж төхөөрөмжүүдийг засварлаж, задгай сансарт хүртэл ажиллажээ.

Тухайлбал Уилльямс есөн удаа нийт 62 цагийг хөлгийн гадна, задгай сансарт өнгөрөөж, эмэгтэй сансрын нисэгчдийн дээд амжилтыг тогтоосон байна.

Тэр бас сансарт байх хугацааныхаа гурван сард нь хөлгийн багийн ахлагчаар ажиллажээ.

НАСА өөрийн хөтөлбөрийг зогсоосны дараа SpaceX, Boeing компаниудтай сансрын нисэгчдээ тээвэрлүүлэх гэрээг байгуулж байв.

Өнгөрсөн хугацаанд SpaceX өөрийн хөлгийг амжилттай бүтээж, одоо АНУ-ын сансрын нисэгчдийн гол “ажлын унаа” болоод байгаа.

Харин Boeing компани олон удаа хойшлуулсны эцэст өнгөрсөн оны зургаадугаар сард Starliner хөлгөө анх удаа сансрын нисэгчидтэй хөөргөсөн нь ийнхүү бүтэлгүйтсэн юм. Тус компани хөлгийнхөө гэмтлийг засварлаж чадаагүй тул эцэст нь сансрын нисэгчдийг өрсөлдөгчийнхөө хөлгөөр буцаахаас өөр аргагүй болсон байна.

62 настай Уилмор, 59 настай Уилльямс нарыг одоо эмчийн хяналтад цөөн хэд хоног байлгаж, дэлхийн татах хүчинд дасгасны дараа гэр гэрт нь хариулах ажээ.

 

Эх сурвалж: Associated Press