Уншиж байна ...

Новак Жоковичийн тэргүүлдэг тоглогчдын холбоо ATP, WTA-гийн эсрэг шүүхэд хандав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 57 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Их Дуулгын 24 түрүүтэй Сербийн алдарт теннисчин Новак Жокович Мэргэжлийн Талбайн Теннисийн Тоглогчдын Холбоо (PTPA)-г үүсгэн байгуулж, өөрөө тэргүүнээр нь ажилладаг билээ.

Тэгвэл тус холбооны зүгээс АНУ-ын Нью Йорк хотын шүүхэд гомдол гаргаж байгаагаа мэдэгджээ. 

163 хуудас бүхий гомдолд "Тамирчдыг эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Өөрсдийн замнал, брэндийн тал дээр хязгаарлагдмал байдаг" гэсэн утгатай ATP, WTA гэсэн холбооны эсрэг зарга мэдүүлсэн байна.

Тэмцээний хуваарь, чансааны систем болон тамирчдын гэрэл зургийн эрх зэрэг олон асуудлыг хөнджээ.

Гомдлыг Н.Жоковичоос гадна тус холбоог үүсгэн байгуулагч нарын нэг Васек Посписил, Ник Кирьюс зэрэг 12 тоглогч гаргасан юм.

2020 онд байгуулагдсан тоглогчдын холбоо нь тамирчдын эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй. 

ATP буюу эрэгтэйчүүдийн теннисийн холбоо нь тоглогчдын холбооны шаардлагыг "үндэслэлгүй" гэж няцаадаг тул дараагийн арга хэмжээндээ орж байгаа бололтой.

WTA буюу эмэгтэйчүүдийн теннисийн холбоо ч бас ийм байр суурьтай байгаа аж.

Тоглогчдын холбооны зүгээс дээрх холбоодыг "картель" тогтоосон гэж үздэг. Чансааны онооны системийг тоглогчдын нэр хүндийг ашиглаж, тэмцээнд оруулах арга гэж үзэж байгаагаа илэрхийлдэг юм.

Мөн нэхэмжлэлд 11 сарын турш үргэлжилдэг тогтворгүй хуваарьтай холбоотойгоор тоглогчдыг хэт халуунд эсвэл өглөө эрт тэмцээнд оролцохыг шаарддаг талаар онцолсон байна.

Эдгээр тэмцээнд ашигладаг бөмбөгний стандарт байнга өөрчлөгддөг нь тамирчдыг бугуй, тохой, мөрөндөө ноцтой бэртэл авахад нөлөөлдөг гэж үздэг.

ATP-гийн цувралд энэ жил 29 улсад 60 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Тус холбооны зүгээс 2023 онд 241.6 сая ам.долларыг тэмцээний урамшуулал, нэмэлт орлого, тоглогчийг зодог тайлахад зарцуулсан гэж мэдээлсэн. 

WTA холбоо ч бас 26 улсад 51 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж буй. 2024 онд тоглогчдод 221 сая ам.доллар зарцуулсан нь рекорд үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: BBC