Уншиж байна ...

Украины эрчим хүчний дэд бүтцэд 30 хоногийн хугацаанд довтлохгүй байх амлалтыг Трамптай утсаар ярихдаа Путин өгчээ

Т.Давааням, ikon.mn
3 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар утсаар Украинд дайны гал зогсоох төлөвлөгөөг хэлэлцжээ.

Украины дайны фронт дээр 30 хоногийн хугацаанд бүрэн гал зогсоох АНУ-ын төлөвлөгөөг Путин хүлээж аваагүй байна.

Харин оронд нь дээрх хугацаанд Украины эрчим хүчний дэд бүтцэд довтлохгүй байх амлалтыг АНУ-ын ерөнхийлөгчид өгчээ.

Өөрөөр хэлбэл Трампын дэвшүүлсэн төлөвлөгөөг Путин бүхлээр нь биш, хэсэгчлэн зөвшөөрсөн гэсэн үг юм.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Саудын Араб улсын Жедда хотод АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахдаа Украины тал 30 хоногийн хугацаанд дайны галыг бүрэн зогсоох Трампын төлөвлөгөөг дэмжихээр болсон.

Украинд гадаадаас зэр зэвсэг нийлүүлэх, тагнуулын мэдээлэл дамжуулахаа зогсоосон цагт зөвхөн бүрэн гал зогсоох саналыг хүлээж авахаа Путин утсаар ярихдаа илэрхийлсэн байна.

Трамп, Путин нар бас энхийн яриа хэлэлцээг Ойрх Дорнодын аль нэг улсад цааш үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дээрх үр дүнг хүлээж авахад бэлэн байгаа ч юуны өмнө тохиролцооны нөхцөлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

“Бид эхлээд ерөнхийлөгч Трамптай ярилцаж, оросууд америкчуудад юу санал болгосон, америкчууд оросуудад юу санал болгосныг нарийвчлан мэдэх нь зөв гэж би бодож байна” гэж тэр мэдэгджээ.

Путинтэй холбогдсоныхоо дараа Трамп тэдний яриа “маш сайн, үр дүнтэй” болсон тухай сошиал хуудсаараа мэдээлсэн байна.

“Бид эрчим хүчний дэд бүтцийн салбарт нэн даруй гал зогсоох тохиролцоонд хүрлээ. Бид бас бүрэн гал зогсоож, эцэст нь Орос, Украины хооронд үргэлжилж буй энэхүү аймшигт дайныг төгсгөл болгохын төлөө шуурхай ажиллах ёстойгоо ойлголцож чадлаа. Энхийн Гэрээний олон элементийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Путин, ерөнхийлөгч Зеленский нар дайныг дуусгах хүсэлтэй байна” гэж тэр бичжээ.

Сүүлд Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд хоёр улсын ерөнхийлөгч нар Украинд энх тайван тогтоох үйл явцыг эрчим хүчний дэд бүтцэд гал зогсоох алхмаар эхлүүлэхээр болсныг дурдсан байна.

Харин Кремлиэс гаргасан мэдэгдэлд гал зогсоох гэрээг тойрсон олон чухал асуудлын талаар ерөнхийлөгч нар ярилцсан, Украинд үзүүлэх гадаадын дэмжлэг, тагнуулын мэдээллийг зогсоох нь Оросын хувьд гал зогсоох “гол нөхцөл” болохыг илэрхийлжээ.

Бас бүрэн гал зогсоох асуудал “нарийн төвөгтэй, урт удаан” яриа хэлэлцээ шаардахыг Кремлийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Ямартай ч өчигдрийн яриа хэлэлцээний үр дүнгээс харвал Украинд үзүүлж буй АНУ-ын тусламж дэмжлэгийг Трамп зогсооход бэлэн байгааг өмнөх жишээнээс мэдэрсэн Путин үүнийг нь дахиулахаар шахаж, цаг хожих төлөвлөгөөтэй байгаа бололтой.

 

Эх сурвалж: BBC