Энэ сарын 21-нээс 23-ныг дуустал Гүржийн Тбилис хотод жүдогийн Их Дуулга болно. Одоогийн байдлаар 53 орны 400 жүдоч хүч сорихоор төлөвлөж байна.
Манай шигшээ баг 20 тамирчинтай оролцохоор мэдүүлгээ өгсөн юм.
Тэгвэл Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ны албан ёсны сайтад Тбилисийн Их Дуулгыг үзэх гурван шалтгааныг онцлов.
Францын хүчирхэг баг Тбилисийн Их Дуулгад өрсөлдөнө. Олимпын мөнгө (2020), Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий таван хүрэл (2014, 2018, 2022, 2023, 2024) медальтай Аминдин Бюшар, олимпын алт (2020), мөнгө (2016), хүрэл (2024)-тэй, ДАШТ-ээс зургаан алт (2014, 2017, 2018, 2019, 2021, 2023), хошой мөнгө (2013, 2015), нэг хүрэл (2024) медальтай Кларисс Агбеньену, олимпын мөнгө (2024), хүрэлтэй (2020), гүрж гаралтай жүдоч Лука Мхеидзе, олимпын мөнгө (2020), хүрэлтэй (2024) Сара Сизик, олимпын хос хүрэл (2020, 2024), ДАШТ-ий алтан (2020) медальтай Романа Дико нар энэ удаагийн тэмцээнд өрсөлдөнө.
Тэднээс гадна 2024 оны олимпоос медаль авсан Ширин Букли, Жоан Бенжамин Габа зэрэг жүдочдийг ч мартаж болохгүй. Багаараа медалийн хүснэгтэд дээгүүр байр эзлэх зорилготой Гүржийг зорих нь биз ээ.
Ирээдүйтэй залуу одод олны анхаарлыг татаж байна. Өсвөрийн дэлхийн хошой аварга, залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Бразилын Кларис Рибейро тэдний нэг нь юм. Өнгөрсөн онд өсвөрийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д манай жүдоч Ж.Анударийг ялж аваргалсан бразил бүсгүй анхны Их Дуулгадаа хүч сорино.
Монголын өсвөрийн эмэгтэй жүдочдыг ч мартаж үл болно. Перугийн Лимад гялалзсан монгол охид болох Т.Ариунзаяа, Ж.Анударь нар энэ удаагийн Их Дуулгад өрсөлдөнө. Т.Ариунзаяа Токиогийн Их Дуулгаас хүрэл медаль хүртсэн бол Ж.Анударь шагналт V байр эзэлсэн билээ.
Жүдо төдийлөн хөгжөөгүй Ливаныг төлөөлөх Агулина Чайебыг онцолъё. Өдгөө 20 настай ливан бүсгүй залуучуудын болон өсвөрийн долоон тэмцээнд хүч сорьсон. Хоёр долоо хоногийн өмнө Австрид болсон Гранприд буюу насанд хүрэгчдийн анхны тэмцээндээ оролцоод шагналт байр эзэлсэн.
Эх сурвалж: IJF
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!