Уншиж байна ...

"Эрдэнэс Монгол" нэгдлийг ойрын хугацаанд тэрбум ам.доллароор Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхийг ЕС хатуу үүрэг болгожээ

Б.Бадамгарав, IKon.mn
2 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан. 

Уг ажлын хэсэг байгуулагдах үед манай улсын гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум орчим ам.доллар байв. Үүнийг ойрын хугацаанд буюу дөрөв, тавдугаар сар гэхэд 5.5 тэрбум ам.доллар болгох зорилготой байгааг ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдэгдэв. 

Тэрбээр "Манай улсын урд хилийн Булган, Шивээхүрэн, Ханги, Гашуунсухайт боомт дээр нийтдээ 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсээд байна. Үндсэндээ гацсан гэсэн үг. Үүнийг хөдөлгөхөөс нааш бирж дээр арилжаа явах шинжгүй байгаа.

Овоолго үүссэн шалтгаан нь өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн хугацаанд хийгдсэн болон энэ он гараад хийгдсэн нийт 50 орчим гэрээ бий. Эдгээр нь хил хүргэж өгөх үүрэг хүлээсэн гэрээнүүд. Намраас хойш үнэ бараг 40 хувь уналаа. Худалдан авагч тал нэгэнт алдагдал хүлээсэн учраас цаашаа татан авахгүй байна. Түүнээс биш Хятадын эрэлт буураагүй. 

Үнийн бууралт, татан авалт зогссоноос овоолго үүссэн. Овоолго үүссэнээс болоод арилжаа гацсан. Энэ асуудлыг шийдэх хэд хэдэн гарц байгаа. Тухайлбал үнийн хэлбэлзлээс улбаатай эрсдэлийг аль аль талдаа уян хатан байхаар бирж дээр зохицуулалт хийх журмыг богино хугацаанд баталлаа. Биржийн хуульд мөн өөрчлөлт хийнэ" гэлээ.

Түүнчлэн төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах зорилгоор төрийн өмчит компаниудын 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтаас мега төслүүдээс бусад төслийг эрэмбэлж, зарим зардлыг хойшлуулах зохицуулалт хийхээр болжээ. 

Сангийн сайд Б.Жавхлан "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ энэ жил шинээр хийхээр төлөвлөсөн 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт, түүнийг дагаж гарах 70 орчим сая ам.долларын төлбөрөө хойшлуулж, 2026 он руу татахаар болсон. Үүний зэрэгцээ борлуулалтаас үл хамааран валютын нөөцийг нэмэгдүүлэхэд 100 сая ам.долларын эх үүсвэрээр туслах боломжтойгоо илэрхийллээ. 

Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс критикал минералс, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг "Эрдэнэс Монгол" нэгдлийн 10 гаруй охин компани нийтдээ 3.8 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ төлөвлөөд байсан бол нэмэлтээр 557 сая ам.долларын борлуулалт хийх үүрэг авсан. Өнөөдрийн хуралдаан дээр "Эрдэнэс Монгол" нэгдлийг ойрын хугацаанд тэрбум ам.доллароор Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхийг Ерөнхий сайд хатуу үүрэг болгосон" гэв.

Мөн "Ханги-Мандал" чиглэлийн төмөр замын холболтын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж, алтны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, БНХАУ-ын талтай экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгажээ.