Уншиж байна ...

"П.Батчулуун эмчид тохиолдсон үйл явдалтай холбоотойгоор оюутнууд маань хүртэл айж эхэлж байна"

П.Сайнжаргал, IKON.MN
3 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн О.Сэргэлэн ахлагчтай элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ болон П.Батчулуун эмчийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

"Энэ үйл явцтай холбоотойгоор оюутнууд маань хүртэл айж эхэлж байна. 

Би 42 жил ажиллаж байгаа багш хүн. Анагаахаар сурч буй оюутнууд маань "Одоо бид эмч болоод ийм асуудал тулгарвал яах вэ?" гэж надаас асууж байна. 

Надад хэлэх үг байхгүй. Юу гэж хариулахаа мэдэхгүй “Та нарыг эмч болох үед эрх биш хууль орчин нь гайгүй болох байх” гэж хариулж байгаа" тухайгаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн О.Сэргэлэн эмч хэллээ. 

Үргэлжлүүлэн Донорын тухай хуулийг сайжруулах шаардлагатай байгаа тухай дараах мэдээллийг өгөв. 



Тэрбээр "Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой хамгийн чухал хууль бол Донорын хууль.

Донорын хууль 2002 онд батлагдаад 2012, 2014, 2018 онд шинэчилсэн найруулга хийгдсэн. Шинэчилсэн найруулгаар 30-хан хувьд нь л өөрчлөлт оруулах эрхтэй байдаг.

Ингээд 2022 онд хоёрхон заалтыг өөрчилсөн. Уг нь өнгөрсөн хаврын чуулганаар Донорын тухай хууль орохоор байсан ч багтаагүй. Энэ намрын чуулганаар энэ хуулийг оруулах байх гэж найдаж байна.

Цусны донор, эрхтний донор хамт байсан. Одоо хуульд салж орохоор байгаа.

Донорын тухай хууль батлагдсанаар бидэнд ямар нэгэн байдлаар илүү боломж нээгдэх байх гэж найдаж байна" гэлээ. 

Мөн "Өнөөдөр 400 гаруй хүн донороо хүлээж байна. Сүүлийн гурван жилд 30 гаруй хүн донор хүлээж байгаад ертөнцийн мөнх бусыг үзчихлээ. Цаашдаа донор гарахгүй бол хүлээх боломжгүй хүмүүс ч олон байгаа.

  • Нэгдүгээрт хүний амь гэдэг маш чухал.
  • Хоёрдугаарт П.Батчулуун эмчийн үйл явцтай холбоотойгоор үнэхээр оюутнууд маань хүртэл айж эхэлж байна. 

Цаашид эрүүл мэндийн салбар руу хэн орж, ажиллах вэ?...

Би П.Батчулуунтайгаа очиж уулзсан. П.Батчулуун маань “Би яах гэж, юуны төлөө бүхнээ зориулж ажиллачхаад одоо ийм байдалд ороод сууж байна вэ” гэж уйлж байна лээ. Арга байхгүй ээ. 

Бусад оронд эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал бүр төрийн хяналтад, дээд зэргийн нууцлалтай, ёс зүйн дээд хэмжээнд байдаг.

Сэтгүүлчид минь та бүхэн асуудлын учрыг нь ололгүйгээр... Ядахдаа Донорынхоо хуулийг уншчихаад айхавтар мэдээлэл тавихгүй яав даа гэдэг гомдол өөрийн эрхгүй бидэнд төрж байна" гэж УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн ярилаа. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/61553436448298/videos/1187130096340989