Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл тусгай замын автобус/BRT/ төслийг нэвтрүүлэхээр урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Уг төслийн талаарх олон нийтийн уулзалт, хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулах болон төслийг иргэдэд ээлтэй байдлаар төлөвлөх, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтийг авах судалгааны ажил үргэлжилж байгаа аж.
Судалгаа дуусаж, санхүүжилт бүрэн шийдэгдсэний дараа ТЭЗҮ-ийг боловсруулан нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг энэ онд дуусгаад, 2026 оны гуравдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Энэ тухай Тусгай замын автобус/BRT/ төслийн ахлах инженер Ж.Лхагвадорж “Төсөл хэрэгжүүлэх явцад газар доорх инженерийн шугам сүлжээний асуудалтай нүүр тулгарна. Ялангуяа 3, 4 дүгээр хороолол, Сансарын туннель орчмын автобусны замын эгнээнд инженерийн шугам сүлжээ ихтэй. Иймд шугам сүлжээний асуудлыг эхнээс нь төлөвлөн туннелийн системээр шийдэх санхүүжилтийн хүсэлтийг Азийн Хөгжлийн Банканд тавиад байна.
Энэ ажлыг хэрэгжүүлж чадвал автобусны буудал доогуурх шугам сүлжээ гэмтэхэд тухайн орчныг сүйтгэхгүйгээр, хөдөлгөөнд саад болохгүйгээр инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээг хийх бүрэн боломжтой болно” гэв.
Тусгай замын автобус нь хоёр талдаа хаалгатай учир иргэдийг аль ч талаар нь буулгаж, суулгах боломжтой бөгөөд Ард Аюушийн өргөн чөлөөнөөс /Саппорогийн уулзвараас/ Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу 20 зогсоолтой барих урьдчилсан төлөвлөлттэй байна.
Уг төслийг хэрэгжүүлснээр өдөрт 30,000 орчим хүн тээвэрлэж, хотын замын хөдөлгөөний түгжрэлийг 10-20 хувь хүртэл бууруулна гэж тооцоолжээ.
Автобусны замыг гуравдугаар эгнээнд төлөвлөж, гэрлэн дохиотой уулзвараар эргэх хөдөлгөөнд хязгаарлалт үүсэхгүйгээр эгнээг хашлагаар шийдэх урьдчилсан зургийг гаргаж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!