Уншиж байна ...

"ЗХУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан авто сургуулийг хугацаат цэргийн алба хаагчдыг сургахад ашиглах хэрэгтэй"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах Авто сургуулийг төрийн мэдэлд авч, батлах хамгаалах салбарт зориулалтаар нь ашиглах хэрэгтэй гэж ахмад иргэн манай редакцад хандсан юм.

Тэрбээр "1984 онд ЗХУ-ын ДОСААФ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсын батлан хамгаалахын салбарт Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах Авто сургуулийг барьж өгсөн. Авто сургууль нь нэг ээлждээ 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, гаднаа сургалтын талбайтай, техникийн үзүүлэнгийн том лабораторитой, гараашнуудтай. Түүхээс яривал тус сургуульд цэргийн өмнөх буюу 17 настай залуусыг аймаг бүрээс авч автомашины засварчин, жолооч, танкийн жолооч, засварчнаар анхан шатны сургалтад хамруулан 18 нас хүрэхээр армид хүлээлгэж өгдөг байсан юм. Одоо авто сургуулийн байрыг армийн бус энгийн жолооны нэг л сургалтын төв түрээсэлж, гадна нь орон сууц баригдчихсан байна.

Батлан хамгаалахын сайд хугацаат цэргийн албанд татагдаж байгаа залуусыг англи хэлтэй, жолооны үнэмлэхтэй төгсгөнө гэж өнгөрсөн жил зарласан. Тэгэхээр энэхүү Авто сургуулийг цэрэгт татагдсан залуусыг сургахад ашиглах хэрэгтэй байгаа юм.

Уг нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Герман улсаас буцалтгүй тусламжаар 1972 онд барьж өгсөн авто сургуулийн дэргэдэх Буудлага спортын төвийг газар дээр нь ирж үзээд төрийн мэдэлд авах шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан лацдаж, хүлээж авч байсныг мэднэ. Буудлага спортын төв нь армийн мэргэн бууч, буудлагын спортыг хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулж, улсын хэмжээнд тамирчдыг бэлтгэдэг байгууллага.

Зэвсэгт хүчний ерөнхий командлагч өөрөө ирж үзэж байсны хувьд Авто сургуулийг төрийн мэдэлд авч, зориулалтын дагуу хугацаат цэргийн алба хаагчдыг сургахад ашиглахгүй бол хаягдчихаад байна" гэж ярилаа.

ЗХУ-ын ДОСААФ-ын буцалтгүй тусламжаар баригдсан авто сургууль нь Батлан хамгаалах туслах нийгэмлэгт харьяалагддаг байна.