Өчигдөр Брюссель хотод шуурхай горимд чуулсан Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид батлан хамгаалах зардлаа эрс өсгөх төлөвлөгөөг санал нэгтэй дэмжжээ.
Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен батлан хамгаалах зардлыг 800 тэрбум еврод хүргэх төлөвлөгөөгөө энэ үеэр танилцуулсан юм.
“Европ болон Украины хувьд түүхэн чухал цаг үе” ирж байгааг тэр энэ үеэр онцолсон байна.
Чуулганы уур амьсгалыг хамгийн сайн илэрхийлсэн үгийг Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен хэлжээ.
“Батлан хамгаалах зардлаа өсгө, өсгө, өсгө. Энэ бол хамгийн чухал мессэж бөгөөд үүнтэй зэрэгцэн бид Украиныг дэмжсээр байх болно. Учир нь Европ тив энх тайвныг хүсэж байна” гэж тэр хэлсэн юм.
Чуулганд зайнаас оролцох анхны төлөвлөгөөтэй байсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр биечлэн оролцсон байна.
“Биднийг ганцаардахгүйг мэдрүүлсэн та бүхэнд баярлалаа” гэж тэр энэ үеэр хэлж байлаа.
Чуулганы үеэр бас Украиныг дэмжсэн утгатай хамтарсан мэдэгдлийг Европын удирдагчид гаргахад Унгарын ерөнхий сайд Виктор Орбан ганцаараа эсэргүүцжээ.
Орбаны холбоотон Словакийн ерөнхий сайд Роберт Фиког оролцуулаад бусад бүх 26 улсын удирдагчид “Украины асуудлыг Украингүйгээр шийдвэрлэх ёсгүй” гэсэн үгтэй мэдэгдэл гаргахыг дэмжсэн байна.
Зеленский энэ үеэр үг хэлэхдээ “Асуудлын гол нь ямар ч яриа хэлэлцээ явуулсан Орос улс дайнаас татгалзах чадах уу гэдэгт оршиж байна” гэж мэдэгджээ.
Сүүлд Зеленский ирэх долоо хоногийн Даваа гарагт Саудын Араб улсад айлчилж, тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салмантай уулзах гэж байгаагаа сошиал хуудсаар зарласан байна.
“Энэ уулзалтын дараа манай баг Саудын Арабт үлдэж, АНУ-ын түншүүдтэйгээ уулзах болно. Энх тайвныг хамгийн их хүсэж байгаа тал бол Украин. АНУ-ын ерөнхийлөгчид амласанчлан Украин улс найдвартай, урт удаан үргэлжлэх энх тайван тогтоохын төлөө бүтээлчээр хамтран ажиллах болно” гэж тэр мэдэгджээ.
Урсула фон дер Ляйены танилцуулсан төлөвлөгөөний дагуу Европын Холбооны орнууд батлан хамгаалах зардлаа нийт 800 тэрбум еврод хүргэх юм.
Үүний 650 тэрбумыг гишүүн орнуудад тус тусын төсвөө уян хатан өөрчлөх эрх олгосны үндсэн дээр бүдүүлэх гэнэ.
Үлдсэн 150 тэрбумыг Европын Холбоо өөрийн ашиглаагүй байгаа төсвийн зардлаас зээл хэлбэрээр гаргах болсон байна.
Лхагва гарагт Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын цөмийн зэвсгийн хамгаалалтын шүхэрт Европын бусад орнуудыг багтаах санал гаргасан.
Германы шинэ канцлер болох гэж буй Фридрих Мерц уг саналыг дэмжиж, Франц, Их Британи улсуудын удирдагчидтай тэдний шүхэрт Герман улс багтах боломжийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
Польш улсын ерөнхий сайд Дональд Туск бас энэхүү саналыг нухацтай авч үзэх ёстойг илэрхийлсэн байна.
Хэдийгээр Европ тив нэлээд цаг хугацааг алдсан ч “өнөөдөр бүх зүйл бүрэн өөрчлөгдөж” байгааг тэр сайшаажээ.
“40 жилийн өмнө Зөвлөлт Холбоот Улс зэвсэглэлийн өрсөлдөөнд ялагдсан шиг Орос улс ч бас ялагдана гэдэгт би итгэлтэй байна” гэж Туск хэлсэн байна.
Трампын засаг захиргаа АНУ-ын гадаад бодлогыг үндсээр нь өөрчилснөөр ийнхүү Европ тив өөрөө өөрийгөө хамгаалахад нухацтай анхаарал тавьж эхэллээ.
Вашингтонд айлчилж буй Их Британийн батлан хамгаалахын сайд Жон Хили үнэхээр Украинд энх тайван тогтоох боломжийг Трамп бий болгож өгсөн гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
Пентагоны тэргүүн Пэт Хэгсэттэй уулзахаар айлчлан очсон тэрбээр “АНУ-ын ерөнхийлөгч Европын талаас санаачилга гаргахыг хүссэн. Бид үүнийг хийж эхэллээ. Их Британи улс энэ үйлсийг манлайлахад бэлэн байна. Өнгөрсөн Ням гарагт ерөнхий сайд Кэйр Стармер талуудыг нэгтгэж, Украиныг орхихгүйгээ баталж, АНУ-тай нягт хамтран ажиллахаа харуулсан” гэж хэлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!