Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ тус улсын цөмийн зэвсгийн хамгаалалтын хүрээнд Европын бусад холбоотон улсуудыг багтаах, энхийн гэрээг сахиулах зорилгоор Украины нутаг дэвсгэрт Европын цэргийн хүчийг илгээх саналаа танилцуулжээ.
Трампын засаг захиргаа АНУ-ын гадаад бодлогыг өөрчилж, Атлантын далай дамнасан холбоотны харилцаанд ан цав суулгасан “шинэ эрин” эхэлж болзошгүйд санаа зовж байгаагаа Макрон энэ үеэр илэрхийлсэн юм.
“АНУ бидний хажууд байна гэдэгт би итгэхийг хүсэж байна. Гэхдээ ийм зүйл болохгүй тохиолдолд бид бэлэн байх ёстой” гэж тэр хэлжээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп гурван жил гаруй хугацаанд үргэлжилж буй дайныг зогсоохын тулд Москватай шууд яриа хэлэлцээ эхлүүлэх хүсэлтэй байгаа.
Харин Макрон энэ дайныг зогсоож чадсан ч Оросын түрэмгий зан авир “хил хязгаартай” гэдэгт эргэлзэж байгаагаа хэлжээ.
“Намайг та бүхэнд үг хэлж байгаа энэ мөчид болон цаашдаа ч Орос улс нь Францын болон Европын аюул занал хэвээр байх болно. Ийм аюултай ертөнцөд ажиглагчийн байр сууринд хэвээр байх нь солиорол юм” гэж тэр хэлсэн байна.
Макрон цааш нь “Өнөөгийн Оросын түрэмгийлэл Украинд зогсоно гэдэгт хэн итгэх юм бэ?” гэж анхааруулжээ.
Ингэхдээ тэр “энх тайван тогтоохын төлөө бүхнийг золиослох ёсгүй”, гал зогсоох нөхцөл “хэт эмзэг, хэврэг” байж болохгүйг Трампын засаг захиргаанд анхааруулсан байна.
Өнөөдөр буюу Пүрэв гарагт батлан хамгаалах зардлыг өсгөх асуудлаар Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид уулзах гэж байгаа юм.
Энэхүү уулзалтыг угтуулан хийсэн Макроны мэдэгдэл нь Франц улс батлан хамгаалах зардлаа өсгөх шаардлагатайг ухуулж сэнхрүүлсэн агуулгатай байлаа.
Германы дараагийн канцлер болох нь тодорхой болсон Фридрих Мерц саяхан Европын орнуудын цөмийн зэвсгийн хамгаалалтын шүхрийг өргөжүүлэх түүхэн уриалга гаргасан юм.
Макрон энэ уриалгыг дэмжиж, Франц улсын хамгаалалтын шүхэрт Европын бусад холбоотнуудыг багтаах талаар нээлттэй ярилцахад бэлэн байгаагаа өчигдөр мэдэгджээ.
“Би Европ тив дэх холбоотнуудаа өөрийн улсын цөмийн шүхэрт оруулах асуудлаар стратегийн хэлэлцүүлгийг эхлүүлэхээр шийдээд байна” гэж хэлсэн Макрон цөмийн зэвсэг хэрэглэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргах эрх зөвхөн Францын ерөнхийлөгчид үлдэхийг нэмж онцолсон байна.
Мөн энхийн гэрээ байгуулагдсан тохиолдолд Орос улс дахин халдахаас сэргийлэхийн тулд Европын цэргийн хүчийг Украинд байрлуулах бодолтой байгаагаа тэр илэрхийлжээ.
“Манай цэргүүд фронтын шугамд тулалдахаар явахгүй. Харин энхийн гэрээнд гарын үсэг зурсны дараа түүнийг сахиулах зорилгоор тэнд байрлах болно” гэж Макрон хэлсэн юм.
Макрон болон Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер нар өнгөрсөн долоо хоногт тус тусдаа Вашингтонд айлчилж, Украиныг үргэлжлүүлэн дэмжих талаар Дональд Трамптай уулзсан ч үр дүнтэй болоогүй.
Тэдний уулзалтуудын дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын Цагаан ордонд болсон уулзалт мөн бүтэлгүйтлээр өндөрлөсөн юм.
Тэгвэл Макрон, Зеленский, Стармер нар дахин Вашингтонд хамтарсан айлчлал хийхээр төлөвлөж байгааг Францын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Софи Примас өчигдөр мэдээлжээ.
Ингэхдээ тэр айлчлал ойрын үед зохион байгуулагдах боломжтой гэсэн ч тодорхой тов хэлээгүй юм.
Украины дайны эхний үе шатанд Макрон дайтагч талуудын хооронд зуучлах зорилгоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэд хэдэн удаа утсаар ярьж байв.
Тэд хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард утсаар харилцаж байжээ.
Өчигдөр Макрон ард түмэндээ хандаж үг хэлсний дараа Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай уулзсан нь сонин давхцал байлаа.
Орбан нь Трамп, Путин хоёрын аль алинтай найрсаг харилцаатай байдаг бөгөөд Украиныг дэмжих Европын Холбооны нэгдмэл хүчин чармайлтыг хэд хэдэн удаа тасалдуулж байсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!