Уншиж байна ...

АНУ тагнуулын мэдээлэл Украинтай хуваалцахаа зогсоолоо

Т.Давааням, ikon.mn
7 цаг 34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Цагаан ордонд болсон Трамп, Зеленский нарын ширүүн уур амьсгалтай уулзалтын дараа АНУ, Украины харилцаа эрс муудаад байгаа.

Энэ нь гурван жил гаруй хугацаанд үргэлжилж буй Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг дайныг хэрхэн зогсоох асуудлаар талууд санал зөрөлдсөнтэй холбоотой байлаа.

Мягмар гарагт ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Украинд үзүүлж буй АНУ-ын зэр зэвсгийн тусламжийг түр зогсоох шийдвэр гаргасан.

Тэгвэл өчигдөр бас тагнуулын мэдээлэл хуваалцахаа зогсоож байгааг зарлажээ.

Fox News сувгаар ярихдаа АНУ-ын Тагнуулын Төв Газрын захирал Жон Рэтклиф энэ шийдвэрийг зарлаад “Ерөнхийлөгч Зеленский энх тайвныг тогтоох үйл явцад тууштай хандаж байгаа эсэхэд ерөнхийлөгч Трамп эргэлзэж байна” гэж хэлжээ.

Гэхдээ тэр “дайны фронтын болон тагнуулын фронтын мэдээлэл солилцох” хамтын ажиллагааг зогсоосон нь түр зуурын арга хэмжээ бөгөөд АНУ-ын засаг захиргаа цаашдаа Украинтай мөр зэрэгцэн ажиллахыг батлан илэрхийлсэн байна.

Мягмар гарагт Конгрессын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ Дональд Трамп ашигт малтмалын гэрээг байгуулах хүсэлтэй байгаагаа Украины эрх баригчид АНУ-ын талд илэрхийлснийг мэдээлсэн юм.

Баасан гарагийн хэрүүл маргааны дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский гол холбоотон АНУ-тай харилцаагаа хэвийн болгохыг хичээж байгаа.

Конгрессын танхимд үг хэлэхдээ Трамп энэ асуудлаар Зеленскийн өөрт нь ирүүлсэн захидлыг уншиж танилцуулсан юм.

Уг захидалд “Урт удаан энх тайван тогтоохын төлөө Украины тал яриа хэлэлцээний ширээний ард аль болох хурдан суух хүсэл эрмэлзэлтэй байна. Хэн бүхнээс илүү Украинчууд энх тайвныг хүсэж байгаа” гэж бичсэн байжээ.

 

Эх сурвалж: AFP