Тэрбумтан Илон Маскийн хөлийн хурууг ерөнхийлөгч Дональд Трамп хөхөж буйг харуулсан видео дүрсийг Даваа гарагт АНУ-ын засгийн газрын нэг байрны телевизийн дэлгэц дээр хэн нэгэн тоглуулсан юм.
Уг дүрсийг АНУ-ын хот байгуулалт, орон сууцны яамны үүдэнд байрладаг дэлгэц дээр тоглуулжээ.
Ерөнхийлөгч Трамп, тэрбумтан Маск нарын түншлэлийг шүүмжилсэн агуулгатай уг дүрсийг хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн бололтой.
Дэлхийн тэргүүн баянд тооцогддог Маск одоо Трампын засаг захиргаанд төсвийн хэмнэлт хариуцсан Doge (Department of Government Efficiency) нэртэй агентлагийг удирдаж байгаа юм.
Бичлэг дээр “Жинхэнэ Хаан Урт Наслаг” гэсэн уриа үгийг хавсаргажээ.
Эндээс харвал Трампын ард гол шийдвэрийг Маск гаргаж байгаа гэсэн шүүмжийг илэрхийлсэн нь тодорхой байна.
Өчигдөр АНУ-ын хот байгуулалтын яамны хэвлэлийн төлөөлөгч уг дүрсийг “татвар төлөгчийн нөөцийг буруу зорилгоор ашигласан” тохиолдол гэж дүгнээд буруутай этгээдүүдийг олж, шийтгэхээр ажиллаж эхэлснийг сошиал хуудсаараа мэдэгджээ.
Даваа гараг нь холбооны засаг захиргааны бүх албан хаагчдад ажлын үр дүнгээ тайлагнахыг шаардсан Маскийн цахим захидлын хариуг хүлээж авах сүүлийн өдөр байв.
Маскийн захидал АНУ-ын бүх яам, агентлагуудын ажилтан, албан хаагчдын дунд цомхотголд хамрагдах айдас түгшүүр үүсгэсэн бөгөөд зарим удирдлагууд хариу өгөхгүй байх чиглэлийг ажилтнууддаа өгч байв. Тэдний дунд Трампын үнэнч холбоотнууд ч бас байсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!