Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдээс удахгүй болох гэж буй цагаан сарын баяртай холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, нийгэм, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл баярын өдрүүдэд хийдэд болох үйл явдлын талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Цагаан сар бол бидний уламжлалт баяр юм. Үүний нэг чухал зүйл нь монголчууд бид аав ээж, ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг. Ахмадуудын зүгээс хүүхэд багачуудад сургаал захиас алдаж, ах дүүс холбогддог чухал баяр билээ. Нөгөө талаасаа буюу бурхны шашинтай хүмүүсийн хувьд онцгой байр. Учир нь хаврын эхэн сарын шинийн 1-15 хүртэл бурхан багш өөрийн сургаал номлолоо айлдаж, олон хүмүүсийн буруу бодлыг арилгадаг.
Уламжлалт цагаан сарын баярын үеэр Гандантэгчэнлин хийдэд зохиогдох үйл явдлыг товч танилцуулъя. Цагаан сарын баярын хурал ном нь хоёр хэсгээс бүрдэж байгаа. Хуучин номын хурал буюу цагаан сарыг угтаж хуралддаг. Ерөөлийн хурал нь шинийн 1-15-н хүртэл үргэлжилнэ. Хуучин номын хурал дээр Сор залах, Цэдэрлхам хурах гэх мэт зан үйл явагдана.
Үүний дараа дэд хамба гавж С.Гантөмөр гуравдугаар сарын 16-нд номын айлдвар айлдаж, Билгүүний зүрхэн судар гэдэг номыг тайлбарлана. Энэ нь бурхан багшийн айлдсан сургаал номлолын гол охь болох хоосон чанарыг тайлбарладаг.
Бидний уур хилэн, хүсэл, атаа хорсол гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл нь буруу бодлоос үүдэлтэй. Хоосон чанарын сургаал номлолд буруу бодлыг няцаах, юмс үзэгдлийн мөн чанарыг тайлбарладаг. Манай хийд өдөр бүр 14:00 цагт цагаан сарын баярын хурал ном айлдана" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!