Индэр    
2025 оны 2 сарын 26
Зураг
Эдийн засагч, шинжээч

Монголчууд далайн шокноос гарсан нь

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аялал, амралт гэх ойлголт шинэхэн... 1800-аад оны сүүлээс төмөр зам хөгжиж, 19-р зууны сүүлээс ажлын амралтын өдрүүдийг тогтоож, 20-р зууны эхэн болон дунд үеэс автомашин болон нисэх онгоц өргөн хэрэглээнд нэвтрэв. Улмаар дундаж гэр бүлүүд амралтаараа хот, улс хооронд удаан хугацаанд аялах боломжтой болов.

Харин Монголчууд бид 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үеэр гэр бүлээрээ наймаанд гарч, 2000-аад оны эхээр хувь хүн машинтай болсон зэргээс гэр бүлээрээ аялах соёл нэвтэрсэн гэхэд болно.

Яг аялал эрчимжсэн үе нь зэс, нүүрстэй л холбогдоно доо. 2005 оноос дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом өсөж, саалийн үнээ Эрдэнэтийн орлого огцом нэмэгдэв. Харин дараахан нь 2010 оноос Эрдэнэс Тавантолгой ХК болгон нүүрс гаргаж, Оюутолгой ордыг гаднынхантай нийлж хөдөлгөв.

Үр дүнд нь, 2012 оноос хойш нэг хүнд ногдох орлого 4,000 ам.долларт хүрэв. Энэ нь 2000 онтой харьцуулахад даруй 4 дахин өссөн гэсэн үг юм. Харамсалтай нь одоог хүртэл 4,000 ам.доллар дээрээ гацаж буй нь тун тоогүй.

Харин нэг Монгол гэр бүлийн амьдралд ямар өөрчлөлт бий болов?

  • Нэг хүнд ногдох машин 2000-аад оны үед 100 хүнд 15-20 машин ногдож байв. Харин өнөөдөр 100 хүнд 60-70 машин ногдож байна.
  • Нэг хүнд 2000-аад оны үед нэг айлд бараг нэг утас л байлаа. Энэ тоо өнөөдөр нэг хүнд хоёр утас ногдож байна. Монгол улсын газар нутгийн 70 хувь нь интернэтэд холбогджээ.
  • Монгол гэр бүлийн 30-40 хувь зуны амралтаар аялдаг. УБ-т амьдардаг гэр бүлийн хувьд, энэ тоо 40-50 хувь юм. Дундаж орлоготой гэр бүл жилд нэг удаа аялдаг бол өндөр орлоготой гэр бүл өвөл, зундаа аялдаг болжээ. Өмнө нь гэр бүлээрээ, хамт олон, найз нөхдөөрөө далай үзэх гэж гардаг байсан бол харин одоо далайн шок нь гарч, аялж байхдаа жижиг эмчилгээ хийлгэх тренд бий болжээ.
  • Нэг хүнд ногдох үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл яг байдаггүй ч хүн амын 60 хувь нь өөрийн гэсэн орон сууцтай(хувийн болон нийтийн) байна. 2000-аад оны эхээр барилга бараг байгаагүй ч сүүлийн 25 жилд цемент ширэнгэ болтол үл хөдлөх сүндэрлэжээ.

Энэ мэтээр нэг хүнд ногдох амьдрал чанаржиж, хэрэглээний сонголтууд сайжирсан нь үнэн юм. Тэр тусмаа бидний баялаг болох нүүрс, зэс, алт гэх түүхий эдийн ач тус билээ. Түүнчлэн эдгээр түүхий эдийг мөнгө болгон хувиргасан мега төслийн үр нөлөө гэдгийг нь ч үгүйсгэж чадахгүй юм.

Харин эхэлснээс одоог хүртэл энэ бүх хугацаанд баялгийн шударга бус хуваарилалт, хулгай луйвар, мөнгөний болон сангийн тогтворгүй бодлого нь бидэнд бэлэнчлэх сэтгэлгээ, өндөр инфляц, ханшийн уналт, ужгирсан ядуурлыг давхар авч ирсэн билээ.

Мега төсөл хэрэгжүүлэх, ГШХО болон байгалийн баялгаа ашиглах нь буруу биш юм. Үүнийг бид Саудын Арабын хөгжлөөс харж болно. Харин буруу ашигласнаас Венесуэл хэрхэн сүйрч буйг ч бэлхнээ мэдэх юм. Харамсалтай нь бид Венесуэлийн араас л шил даран тууж явна даа.