Индэр    
2025 оны 7 сарын 21
Зураг
Эдийн засагч, шинжээч

Ирээдүйд ажилладаг Засгийн Газар

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Бухан бяруу байж гэнэ ээ. Үгүй ээ биш, урд нэг айл нүүж, буурин дээр нь ухна ишиг, бухан бяруу хоёр үлджээ. Тэр хоёр нэг өдөр... Үгүй ээ биш, тэр хоёр дээр нэг өдөр чоно ирж гэнэ” гэж Тунгалаг тамир кинон дээр Долгорын сэтгэл санаа тогтворгүй, гэгэлзсэнийг харуулдаг.

Манай Засгийн Газар болбоос яг л Долгор шиг байна даа. Төсвийн цомхотгол хийнэ, үгүй ээ биш, цомхотгохгүй. Мега төсөл хэрэгжүүлнэ, үгүй ээ биш, хэрэгжүүлэхгүй. Яамдын тоог цөөлнө, үгүй биш, хадгална. Чингэхлээр, өнөөх ард иргэд болон ААН-үүд нь яг яах гээд байгааг нь ойлгохгүй хүлээсээр ашиг орлого, аж амьдралаа тавиад туучхаж байгаа юм.

Манай Засгийн Газар чинь бас ч хөөрхий хийхгүй гэж хэлэхгүй л байгаа юм. Хийнэ, төлөвлөж байна, ингэнэ, тэгнэ гээд ирээдүй цаг дээр яриад л байгаа, үгүйсгэж болохгүй. Гагцхүү яг хийсэн зүйл нь болбоос хурал, зөвлөгөөн, семинар, айлчлал, томилолт л болчхоод байгаа хэрэг. Хурлынх нь агуулгыг харваас ирээдүй рүү чиглэсэн, амбицтай зорилт, сүртэй сүүл, толгой холбосон үгсээр чимэглэсэн маягтай. Анх сонссон хүн бол омогшоод, огшихоор л доо. Мань мэт нь харин 4 жилд хэд хэдэн удаа номын дууг нь сонсчихсон болохоор ч тэр үү чихний гадуур өнгөрчихдөг.

Манай Засгийн Газар ерөөс амьдралын көүч-тэй болбол таарах мэт. Өнгөрснийг мартаж, ирээдүйд төвлөрөхгүй, одоодоо амьдар гээд гоё ая дэвсчихсэн бичлэгүүд сошиалаар явдаг даа. Хэрвээ одоодоо амьдарчих юм бол манай Засгийн Газар яг юу болоод байгааг ойлгочих гээд байдаг. Эхний хагас жилийн байдлаар:

  • Аж үйлдвэрлэл буурсан
  • Төсвийн орлого агшсан
  • Нүүрсний үнэ шал арчиж, тоо хэмжээгээр нөхөх гээд ч барахгүй
  • Худалдааны эргэлт буурсан
  • Ам.доллар, инфляц, татвар 3 тэнгэр ширтсэн
  • Дэлгүүрүүд нь бараг данжаадын өрийн дэвтэртэй
  • Түгжрэл, утаа, үер гээд нийгмийн стресс ихтэй

Төрийн түшээд минь, бие хамгаалагчаараа хаалгаа нээлгэн гэрээс гарч, машиндаа суумагцаа цагдаагаар саарал ордон хүртэл ногоон гэрлээр татуулж, идэж уухдаа VIP, VVIP газруудад ороод шөнөдөө хариад байхаар энэ нийгмийн юуг ч мэдрэхгүй шүү дээ.

Хийнэ, төлөвлөж байна, ингэнэ, тэгнэ гэх ирээдүйд чиглэсэн яриагаа больж, яг л хийсэн ажлуудаа ярьдаг болмоор байна.

Намрын их ажил хэдийн эхэлсэн шүү дээ.