Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой компанийн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийн талаар И монгол платформоор дамжуулан 2025 оны хоёрдугаар сарын 19-25-ны хооронд иргэдээс санал авсан. Ингэхэд 505,318 иргэн оролцсон. Үүнээс 481,809 нь бэлэн мөнгөөр авах сонголтыг хийсэн. 22,440 иргэн Хуримтлалын сан буюу иргэний хадгаламжийн дансандаа авъя гэж сонгосон. Мөн 1,267 иргэн Хөгжлийн сан эсвэл нийслэлийн дэд бүтцийг сайжруулах, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад хандивлана гэдэг санал өгсөн байна.
Хэрэв энэ санал асуулгад оролцоогүй бол ногдол ашгийг цагаан сарын өмнө мөнгийг бэлэн мөнгөөр өгөх болно.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд иргэний хувиар Тавантолгойн ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлалаа.
Засгийн газар Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшигчийн хувиар ногдол ашгийг улирал тутам олгодог болох саналыг гаргасан. Ирэх дөрөвдүгээр сард Эрдэнэс Тавантолгойн ТУЗ хуралдаад дараагийн 100 мянган төгрөгийг олгоно. Цаашид энэ компанийн борлуулалт, ашиг нэмэгдэх тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн авах ногдол ашиг нэмэгдээд явна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!