Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдээс удахгүй болох гэж буй цагаан сарын баяртай холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Гандантэгчэнлин хийд бурхны шашныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ямар ажил хийж буй талаар тус хийдийн гэвш А.Батцэнгэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бурхны шашны нэг онцлог нь мэдлэг, сургалтыг чухалчилдаг. Нэгдүгээрт шашин номын үзэл онолыг ойлгох ёстой. Хоёр хамба ламын цагаан сарын баярын өдрүүдэд айлдах номын айлдварууд үүнтэй холбоотой юм. Нэгнээ хайрлах, энэрэнгүй сэтгэлтэй байх, ёс суртахуунтай байх, бусдыг хорлохгүй байх, аль чадахаараа бусдад туслах сургаал номлолыг тайлбарладаг.
Түүнчлэн манай хийдийн зүгээс нийт улс орон даяар бурхны шашны сургаал номлолыг таниулах үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг жишээ нь Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд ёс суртахуун, стрессийг тайлах, сэтгэл санаагаа тайван амгалан байлгах, энэрэнгүй сайхан сэтгэлтэй байх лекц яриаг өрнүүлж байгаа.
Тэргүүн хамба лам, лхаарамба Д.Жавзандорж ажлаа хүлээн авах үедээ сургаал номыг монгол хэл дээр тайлбарлах ажлыг эхлүүлнэ гэж байсан. Үүнтэй холбогдуулан манай хийдийн Жанрайсэг дацан хурал номын зан үйлийг монголоор уншиж эхэлсэн.
Бид гуравдугаар сарын 10-нд хүүхдүүдэд зориулсан AR булан нээнэ. Бурхны шашны сургаал номлолыг хүүхдүүдэд зориулан аннимейшн хэлбэрээр гаргах юм" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!