Өнөөдөр болсон НИТХ-ын төлөөлөгчдийн хурлын үеэр 51,000 ширхэг угаарын хий мэдрэгч авч, гэр хорооллын айлуудад суурилах асуудал яригдав.
НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж: Эдгээр угаар мэдрэгчийг худалдаж авахад ойролцоогоор 7.6 тэрбум төгрөг болох тооцоололтой байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "2024 оны Засгийн газрын тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан байгаа. Утааны сонсголын үеэр олон иргэн угаартаж, хордлогод өртөж байгаа асуудал нийгэмд цочрол үүсгэсэн. Тийм учраас 28 хоног гаруй хоногийн дараа 51,000 ширхэг угаарын хий мэдрэгчийг авна. Нэн яаралтайгаар угаарын хий мэдрэгчийг авч байгаа. Угаарын хий мэдрэгчийн зөвшөөрлийг Харилцаа, Холбооны Зохицуулах Хорооноос өгдөг.
Гадаа дулаарахаар яндангийн таталт багасаж, угаарын хий нэмэгддэг. 2022-2024 онд угаарын хийн дуудлага 3, 4, 5 дугаар сард угаарын хийн дуудлага хамгийн өндөр байсан. Нийслэлийн засаг даргын зөвлөлийн болон бусад хурлаас нэн яаралтай угаарын хий авах шийдвэр гарсан.
Угаарын хий мэдрэгчийг судлахад хоёр удаа тендерт шалгарсан компани нь Улаанбаатар хотын хэмжээнд 150 гаруй антенаа байршуулсан байдаг. Ингэснээр угаарын хий мэдрэгчийг ажиллуулахад иргэд мөнгө төлөхгүй. Иргэд угаарын хий мэдрэгчийг аваад тавьчихсан байхад Dashboard буюу нэгдсэн системд хянагдах юм. Харилцаа, Холбооны Зохицуулах Хорооноос сүлжээ авсан ганц компани юм билээ.
Бусад сүлжээгээр угаарын хий мэдрэгчийн мэдээллийг дамжуулж авах гэхээр айл өрхүүд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлөх асуудал үүсэх болчхоод энэхүү компанитай гэрээ байгуулж байгаа юм" гэв.
Өмнөх авсан угаарын хий мэдрэгчид хоёр жилийн баталгаа өгч байгааг тэрбээр хэллээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн: 2025 оны төсвийг хэлэлцэх үед угаарын хий мэдрэгч авна гэсэн төсөв орж ирээгүй байсан. Энэ асуудлыг хөндөж 7 орчим тэрбум төгрөгийг тодотголд оруулсан. Гэтэл өнөөдөр 51,000 ширхэг угаар мэдрэгч авна гэж яриад байна. Угаарын хий мэдрэгчийн тендерийг нэг компани л авсаар ирсэн. Нээлттэй сонгон шалгаруулалтаар үнийг бууруулж, 110,000 айлд угаарын хий мэдрэгч авч өгч болохгүй юм уу?
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин: Ирэх өвлийн бэлтгэл ажил эхэлсэн. Дараа жилийн өвлийг угаарталт, нас баралтгүйгээр давахыг зорьж байгаа учир угаарын хий мэдрэгчийг яаралтай авч байгаа.
Угаарын хий мэдрэгч нийлүүлж байгаа компани нь Харилцаа, Холбооны Зохицуулах Газрын зөвшөөрөлтэй, оюуны өмчийн патенттайд нь тулгуурлаж байгаа юм. Ямар нэг компанид давуу тал олгоогүй. Тус компани угаар мэдрэгчийн хагас дамжуулагчийг Хятадаас авч, өөрсдөө угсралт, системийг хийж антенаар дамжуулан Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын нэгдсэн системд мэдээллээ өгдөг.
НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн: 110,000 айлд угаарын хий мэдрэгч авч өгөх боломжтой мөнгөөр 51,000 ширхгийг авч өгч байгаад бухимдаж байна. Цаана нь 61,000 айл угаарын хий мэдрэгчгүй өвөлжих нь. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. НИТХ-ын дарга санаачилж, ажлын хэсэг байгуулан энэ асуудлыг шалгавал яасан юм. Тендер зарлах болгонд яг нэг компанид зориулж байгаа юм шиг тусгай нөхцөлүүдийг оруулсан байдаг. Тендерийн нээлттэй баримт бичгээс харсан хүний хувьд энэ байдлыг хариуцлагатайгаар хэлье. Улаанбаатар хотод байгаа 40 орчим IT компани угаарын хий мэдрэгчийг хийж чадахгүй юм уу?
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин: Одоогийн байдлаар тендерт шалгарсан компани нь ХХЗХ-ноос зөвшөөрөл авсан, антен, шугамаа байршуулсан компани. Сүүлийн гурван жилд нийлүүлсэн бүтээгдэхүүн төхөөрөмж нь туршигдаж, хэрэглэгдэж байгаа болохоор цаг хугацаанд баригдаж тус компаниас авч байгаа юм. Миний зүгээс болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас ганцхан энэ компаниас угаарын хий мэдрэгчийг авна гэж чичрээд байгаа зүйл алга.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!