Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болж, шийдвэрээ гаргажээ.
Түүнийг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэмээн прокурор яллах дүгнэлт үйлдэж байв.
Анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж, Д.Нямхүүг цагаатгах шийдвэр гаргасан. Тэгвэл Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээсэн аж.
Өнөөдрийн шүүх хурлын дараа ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү өөрийн байр сууриа хуваалцав. Тэрбээр "Монгол Улсын хоёр шатны шүүхээр намайг буруугүй гэдгийг тогтоолоо. Маш их баярлаж байна.
Гурван жил шалгуулж, шүүлгэсэн. Ард түмний эрүүл мэндийн төлөө цар тахлын үеийг амжилттай зохион байгуулж байсныг идсэн уусан болгож улс даяар зарласан. Сэтгэл санаа, бие махбодын хувьд хүнд байдалтай гурван жилийг өнгөрөөлөө. Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргасныг Давж заалдах шатны шүүх баталгаажуулж байна.
Томографын компьютер гэж том төхөөрөмж байдаг. Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар хувийн компанитай тохирч, хил гааль хаалттай үед тэр компьютер орж ирэхгүй байна, тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд компьютероо өгч туслаач гэсэн.
Эрүүл мэндийн даатгалаас мөнгөө олоод ажиллаж байсан компьютерыг манайд гуйж бэлэглэлээр байршуулсан. Зөөж угсрах, өрөөг цацрагаас хамгаалсан тохижилтыг хийх, бүтэн жилийн хугацаанд аюулгүй ажиллуулахын төлөө шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар шийдвэр гаргаж, 400 сая төгрөг өгсөн.
Компьютероо байршуулсны төлөө хувийн компани 400 сая авсныг намайг өгсөн мэтээр ярьж байгаа. Халдварт өвчнийг төр дааж явдаг, орлого олдог хэрэгсэл биш. Миний мэдэлд мөнгө байгаагүй. Би ХӨСҮТ-ийг 14 жил удирдсан. Мөнгөнөөс хол учраас амар юм байна. Халдварт өвчин гэдэг бол дэлхий нийт нийлж ажилладаг онцгой хэсэг" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!