Уншиж байна ...
Зураг
Зураг

Энэтхэг улсад нэг тэрбум хүн зарцуулах мөнгөгүй амьдарч байгааг судалгаа харуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Blume Ventures хөрөнгө оруулалтын компани Энэтхэгийн хэрэглээний зах зээлийг судалсан ажлынхаа тайланг саяхан танилцуулжээ.

Тус улсын 1.4 тэрбум хүн амын нэг тэрбум орчим нь хүссэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ зарцуулах мөнгөгүй амьдарч байгааг дээрх судалгаа харуулсан байна.

Харин хүссэндээ зарцуулах мөнгөтэй хүн амын давхарга 130-140 сая орчимд хэлбэлзэж байгааг судалгаанд дурджээ.

Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид Энэтхэгийн зах зээлээс хамгийн ихдээ ийм тооны хэрэглэгч олох боломжтойг дээрх баримт илэрхийлж байна.

Энэ нь хэдийгээр хүн амын цөөнх хэсэг боловч Мексик улсын нийт хүн амтай тэнцэх хэмжээний тоо юм.

Үүнээс гадна өөр 300 орчим сая хүн “шинээр гарч ирж буй хэрэглэгчид” ангилалд багтаж байгаа боловч тэр бүр мөнгө зарцуулах чадваргүй буюу “хэмнэлттэй” амьдардаг хэсэг гэнэ.

Дээрх судалгааны тайланд Азийн гурав дахь том эдийн засагтай Энэтхэг улсад хэрэглэгч давхарга “өргөжих” бус, “гүнзгийрч” байгааг онцолжээ.

Өөрөөр хэлбэл худалдан авах чадвартай хүн амын хэмжээ тэлэх бус, одоогийн боломжит хэсэг нь улам баяжиж байгаа гэсэн үг юм.

Энэ шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд Энэтхэгийн зах зээлд бизнес эрхлэгчид нийтэд хүртээмжтэй бараа бүтээгдэхүүнээс илүү тансаг ангиллын бараа бүтээгдэхүүнд анхаарах болжээ.

Тухайлбал таван жилийн өмнө тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 40 хувийг боломжийн үнэтэй орон сууцнууд эзэлж байсан бол өнөөдөр 18 хувь хүртлээ буурчээ.

Өөр бусад судалгаанууд цар тахлын дараах Энэтхэгийн эдийн засгийн сэргэлт К хэлбэртэй хэрэгжсэн буюу баячууд нь улам баяжиж, ядуус нь улам ядуурсныг харуулж байгаа.

Гэхдээ энэ хандлага бүр цар тахлын өмнөөс эхэлсэн гэж зарим судлаачид үзэж байна.

Өнөөдөр тус улсын хүн амын 10 хувь үндэсний нийт орлогын 57.7 хувийг эзэмшдэг. 1990 онд энэ хэмжээ 34 хувь байжээ.

Харьцуулбал нийт хүн амын ядуу тал хэсэгт ногддог баялгийн хувь ижил хугацаанд 22.2 хувиас 15 хувь болон буурсан байна.

Саяхан Энэтхэг улс ирэх санхүүгийн жилийн төсөвтөө дунджаас доош давхаргын хүн амыг бүх төрлийн татвараас чөлөөлөхөд $12 тэрбумыг зарцуулахаар тусгасан нь эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах зорилготой юм.

 

Эх сурвалж: BBC