Уншиж байна ...
Зураг
Зураг

2008 онд Энержи ресурс компанид Тавантолгойн чулуун нүүрсний ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосныг хууль бус гэж дүгнэжээ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 51 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.  

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол Улсын ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлын талаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав. 

Тус дүгнэлтээр Монгол Улсын засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд Энержи ресурс компанитай гарын үсэг зурсан 2008 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд шилжүүлэх тухай гэрээ баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон хууль бус зөрчилтэй гэрээ байна гэж үзжээ. 

Энержи ресурс компанитай гэрээ байгуулж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Тухайн үед үйлчилж байсан болон одоогийн Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна гэж дүгнэсэн байна. 

2007 онд Монгол Улсын их хурал тогтоол гаргаж, Тавантолгойн орд газар, Энержи ресурс компанийн компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчхаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн үйлдвэр худалдааны сайдад байгаагүй байна.

Түүнчлэн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд энэ асуудлыг судлан эргэж танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан Наранхүүд, асуудлыг эргэж шийдвэрлүүлэхийг тухайн үеийн засгийн газар, ерөнхий сайдад их хурлаас даалгаж шийдвэрлэсэн байхад энэ бүх үйл явцыг зөрчсөн шийдвэр гарчээ гэж үзжээ.

Монголд тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Улсын Их хурлын 2007 оны тогтоол биелээгүй өдий хүртэл зөрчигдөж явсан байна гэж дүгнэсэн байна. 

Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж авсан, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй гэв. 

Цаашид Ухаа худгийн орд газартай холбоотой яригдаж байгаа асуудлаар Монгол Улсын их хуралд Засгийн газраас тогтоолын төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 

https://www.facebook.com/iKonNews/videos/1580421862655242