Канад улсын парламентын өргөдлийн вэб сайтад Америкийн тэрбумтан Илон Маскаас иргэний паспортоо хурааж авахыг уриалсан хөдөлгөөн үүссэн нь 250,000 гаруй дэмжигчтэй болжээ.
Маск нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гол холбоотон болоод байгаа.
Өнгөрсөн онд сонгуульд ялснаасаа хойш Трамп хойд хөрш Канад улсыг АНУ-ын 51 дэх муж болгох санаагаа дахин дахин илэрхийлэх болсон. Үүнээс гадна тэр Канад улсын бүх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар оноохоор сүрдүүлээд байгаа.
Илон Маскийн хувьд Өмнөд Африк, АНУ, Канад гурван улсын давхар иргэний харьяалалтай юм.
Хөдөлгөөнийг санаачлагчид “Канад улсын үндэсний эрх ашигт дайсагнагч” гэсэн үндэслэлээр Маскийн паспортыг хураахыг уриалжээ.
“Тэр хөрөнгө, эрх мэдлээ ашиглан манай сонгуульд нөлөөлөхийг оролдож байсан. Тэр одоо Канадын бүрэн эрхэт байдлыг устгахыг оролдож буй гадаад улсын засгийн газрын гишүүн болсон” гэж үндэслэлд бичсэн байна.
Хөдөлгөөнийг дэмжигчид ерөнхий сайд Жастин Трюдогоос тэрбумтны “иргэний харьяаллыг цуцлах, паспортыг нь нэн даруй хураах”-ыг шаарджээ.
Энэ тухай мэдээг сонссон Илон Маск сошиал хуудсандаа “Канад бол бодитой улс үндэстэн биш” хэмээн бичиж, хариу барьсан байна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Претори хотод мэндэлсэн Маск ээжийнхээ төрсөн газар болох Канадын паспортыг өсвөр насандаа авсныг өмнө нь хэвлэлд ярьж байжээ.
Үүнээс хойш арван жилийн дараа тэр оюутны визээр ирээд АНУ-ын иргэн болсон юм.
Канадын парламентын өргөдлийн системд хамгийн цөөндөө таван иргэний гарын үсэгтэй, бас парламентын ядаж нэг гишүүний дэмжлэгтэй тохиолдолд өргөдөл үүсдэг. Улмаар 500-аас дээш тооны дэмжлэг авсан тохиолдолд парламентын дараагийн чуулганаар хэлэлцэгддэг юм байна.
Гэхдээ ийм хөдөлгөөнөөр Маскийн иргэний харьяаллыг цуцлах хууль эрхзүйн боломжтой эсэх тодорхойгүй байгаа юм.
Өмнө нь ингэж байсан түүх ч ховор.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хэдэн мянган япон гаралтай хүний паспортыг хурааж, Япон улс руу албадан буцааж байжээ.
Канадын хуулиар зөвхөн үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан тохиолдолд иргэний харьяаллыг цуцалдаг юм байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!