Уншиж байна ...
Зураг
Зураг

Хүүхдүүд сарьсан багваахай идсэний дараа дэгдсэн нууцлаг өвчнөөр Конго улсад 50 гаруй хүн нас баржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 цаг 58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын баруун хойд бүс нутагт амьдардаг гурван хүүхэд сарьсан багваахайн мах идсэний дараа нууцлаг өвчин дэгджээ.

Үүний улмаас сүүлийн таван долоо хоногийн хугацаанд 50 гаруй хүн нас барсныг эрүүл мэндийн мэргэжилтнүүд өчигдөр мэдээлсэн байна.

Халуурах, бөөлжих, дотуур цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсний дараа өвчтөнүүд ихэнхдээ 48 цагийн дотор нас барж байгаа гэнэ.

Ийм шинж тэмдгүүд голдуу эбола, денгэ, Марбург зэрэг үхлийн аюултай вирусүүдийн халдварын үед илэрдэг ч өнөөг хүртэл цуглуулсан арав гаруй сорьцоос тэдгээр вирус илрээгүйг бүс нутгийн өвчний хяналтын төвийн захирал Серж Нгалебато мэдээлжээ.

Ардчилсан Конго улсад энэхүү нууцлаг өвчин нэгдүгээр сарын 21-нд дэгдсэнээс хойш 419 тохиолдол бүртгэгдсэнээс 53 хүн нас барсан байна.

Болоко тосгоны гурван хүүхэд сарьсан багваахайн мах идээд 48 цагийн дотор нас барсны дараа дэгдэлт эхэлснийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) Африк дахь төлөөлөгчийн газар мэдээлжээ.

Зэрлэг амьтны махыг хүнсэндээ хэрэглэдэг бүс нутагт амьтнаас хүнд янз бүрийн өвчний вирус халдварлах эрсдэл өндөр байдаг.

Африк тивд ийм төрлийн дэгдэлтийн тоо сүүлийн арван жилийн хугацаанд 60 гаруй хувиар өссөнийг 2022 онд ДЭМБ мэдээлж байв.

Нууцлаг өвчний хоёр дахь шатны дэгдэлт Бомата тосгонд хоёрдугаар сарын 9-нд эхэлсний дараа 13 сорьцыг Конго улсын нийслэл Киншаса хотын био анагаах ухааны судалгааны үндэсний төвд шинжлүүлэхээр илгээжээ.

Шинжилгээний хариу дээр дурдсан аюултай өвчнүүдийн хувьд сөрөг гарч, заримд нь хумхаагийн вирус илэрсэн тухай ДЭМБ мэдээлсэн байна.

Өнгөрсөн онд Конго улсын өөр нэг хэсэгт нууцлаг өвчнөөр олон арван хүн нас барсныг тухайн үед хумхаагийн дэгдэлт байж болзошгүй гэж дүгнэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press