АНУ-тай байгуулах ашигт малтмалын гэрээний нөхцөлийг Украины эрх баригчид зөвшөөрсөн тул Баасан гарагт гарын үсэг зурахаар төлөвлөж буйг Киевийн албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн тусламжийн хариуд газрын ховор элементийн нөөцөө ашиглах баталгаа өгөхийг Украины талаас ерөнхийлөгч Трамп шаардаж байгаа.
Гэрээ байгуулснаар АНУ нь Украины ашигт малтмалын нөөцийг хамтран олборлож, орлогыг нь “Украин, Америкийн хамтарсан сан”-д төвлөрүүлэхээр болж буйг эх сурвалж мэдээлжээ.
Гэхдээ Украины эрх баригчдын хүсэж байсан аюулгүй байдлын баталгааны талаар гэрээнд дурдсан ч АНУ-ын зүгээс ямар нэг тодорхой амлалт өгөөгүй гэнэ.
“Тогтвортой, цэцэглэн хөгжсөн, тусгаар тогтносон Украин улсад хөрөнгө оруулсан Америк урт удаан энх тайван тогтоох, аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтыг дэмжинэ гэсэн ерөнхий заалт бий” гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.
Одоо Киевийн албаныхан гэрээний нарийн ширийн зүйл дээр ажиллаж байгаа бөгөөд ерөнхийлөгч Володимир Зеленский энэ Баасан гарагт Вашингтонд айлчлахдаа гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
Ашигт малтмалын гэрээ нь Зеленский, Трамп хоёрын хооронд сүүлийн өдрүүдэд дэгдсэн маргаан зөрчлийг арилгана гэдэгт Украины тал найдаж байгаа гэнэ.
Трамп эхэндээ АНУ-ын үзүүлсэн тусламжийн хариуд $500 тэрбумын дүнтэй ашигт малтмалыг Украинаас авах тухай ярьж байсан.
Гэхдээ Украины тал үүнийг АНУ-ын үзүүлсэн бодит тусламжийн хэмжээнээс дэндүү их гэж үзэж байв.
Эх сурвалжийн мэдээлснээр одоо Вашингтон энэ заалтыг төдийгүй Украинд таагүй бусад хэд хэдэн заалтыг гэрээнээс хассан гэнэ.
“Тэд бидэнд таалагдахгүй бүх заалтыг хассан” гэж эх сурвалж мэдээлжээ.
Албан ёсны тоо баримтаас үзвэл Оросын цэрэг халдан довтолсноос хойш АНУ-ын засаг захиргаа нийт $60 гаруй тэрбумын зэр зэвсгийн тусламжийг Украинд үзүүлсэн байна.
Энэ нь хэдийгээр Украины бусад холбоотнуудын тусламжийн хэмжээнээс их боловч Трампын хүссэн $500 тэрбумын хаана ч хүрэхгүй юм.
Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр буюу Лхагва гарагт Украины засгийн газар гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн шийдвэрээ гаргах гэнэ.
Хэдийгээр аюулгүй байдлын баталгаа шууд өгөөгүй ч АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг Украинд бий болгох замаар үүнийг хангах боломжтой гэж Киевийн эрх баригчид үзсэн байна.
Гэрээ байгуулагдсанаар Трампын засаг захиргаа Украинд үргэлжлүүлэн туслахад шаардлагатай дэмжлэгийг олон нийт болон Конгрессоос авч чадна гэж бас тооцоолжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!