Уншиж байна ...
Зураг
Зураг

АНУ-ын засаг захиргаа хар тамхины найман картелыг “террорист байгууллага” ангилалд орууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 8 цаг 58 минут
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Латин Америкийн хар тамхины найман картелыг “гадаадын террорист байгууллага” ангилалд оруулснаа зарлажээ.

Тэдгээрийн тоонд Мексикийн картелуудаас гадна Венесуэлийн Tren de Aragua, Эль Сальвадорын MS-13 зэрэг гэмт хэргийн бүлэглэлүүд багтсан байна.

Трампын хувьд АНУ-ыг чиглэсэн хууль бус цагаачлал, хар тамхины урсгалыг зогсоох ширүүн тэмцлийг эхлүүлээд байгаа.

Ингэхдээ тэр Мексиктэй залгаа хилийн аюулгүй байдлыг чангатгахад ихээхэн анхаарал тавьж байна.

“Гадаадын террорист байгууллага” ангилалд Аль-Кайда, Исламын Улс зэрэг улс төрийн зорилгоор аллага, хүчирхийлэл явуулдаг бүлэглэлүүдийг хамруулдаг.

Харин зөвхөн ашгийн төлөө ажилладаг гэмт хэргийн байгууллагуудыг нэмсэн нь анхны тохиолдол болж байна.

Трампын засаг захиргаа тэдгээр байгууллагуудыг үндэстэн дамнасан хар тамхины худалдаа, хүний наймаа, аллага явуулдаг гэсэн үндэслэлээр нэмснээ тайлбарлаж байгаа.

Ингэсэн тохиолдол дээрх байгууллагуудтай санаатай болон санамсаргүй байдлаар харилцсан компаниуд, банкнууд, хувь хүмүүс АНУ-ын эдийн засгийн хоригт орох эрсдэл үүсдэг юм.

Шүүмжлэгчид Трампын шийдвэрийг Латин Америкийн улс орнуудтай үүсгэсэн эдийн засгийн харилцаанд хүндрэл учруулах “хэтэрсэн” арга хэмжээ гэж үзэж байна.

Тухайлбал Мексикийн картелууд зөвхөн хар тамхи биш, бас АНУ-д авокадо жимс экспортлох олон тэрбумын бизнест хяналтаа тогтоосон байдаг юм.

Тиймээс авсан арга хэмжээ нь АНУ-ын хүнсний хангамж, үнэ ханшид сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press