Уншиж байна ...
Зураг
Зураг

Зеленскийг “дарангуйлагч” хэмээн цоллосон Трамп түргэн бууж өгөхгүй бол улс орноо алдахыг түүнд анхааруулав

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 8 цаг 16 минут
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг “дарангуйлагч” хэмээн цоллож, дайнаа хурдан зогсоохгүй бол улс орноо алдахыг анхааруулжээ.

Үүнээс хэдэн цагийн өмнө Трамп 2022 онд Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлсэнд Зеленскийг буруутай мэтээр ярьсан юм.

Хариуд нь Зеленский түүнийг “Оросын суртал нэвтрүүлэгт тархиа угаалгасан” гэж дүгнэжээ.

Үүний хариуд Трамп сошиал хуудсандаа “Сонгуулиар сонгогдоогүй дарангуйлагч Зеленский, хурдан хөдөлсөн нь дээр, үгүй бол улс оронгүй үлдэнэ шүү” гэж бичсэн байна.

Дараа нь Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига тус улсыг бууж өгөхийг хэн ч албадан шахаж чадахгүйг анхааруулаад “Бид оршин тогтнох эрхээ хамгаалах болно” гэж мэдэгджээ.

Өмнөх өдөр нь Украины ерөнхийлөгчийн рэйтинг ард түмнийхээ дунд дөнгөж 4 хувьтай байгаа тухай Трамп хэвлэлд ярьсан юм.

Гэтэл Киевийн Олон Улсын Социологийн Хүрээлэнгээс энэ сарын эхээр явуулсан санал асуулгаар Зеленскийн рэйтинг 57 хувьтай гарч байжээ.

Украины телевизээр ярихдаа Зеленский “Энэ тоо Америк, Оросын төлөөлөгчдийн уулзалтын үеэр яригдсаныг батлах баримт бидэнд бий. Харамсалтай нь ерөнхийлөгч Трамп худал хуурмаг мэдээллийн оройн зайд амьдарч байна” гэж хэлсэн юм.

Ерөнхийлөгч Трамп тангараг өргөснөөсөө хойш нэг сар ч өнгөрөөгүй байхад Украины асуудлаарх АНУ-ын гадаад бодлогыг үндсээр нь өөрчлөөд байна.

Тэрбээр саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ сард багтаан уулзаж магадгүй тухай мэдэгдсэн юм.

Харин Кремлийн хэвлэлийн алба ийм уулзалтын бэлтгэлийг хангахад урт хугацаа шаардлагатайг илэрхийлжээ.

Путин өөрөө өчигдөр телевизээр ярихдаа “Гэхдээ бидний харилцаа ирээдүйн тухай ярилцаж, цай, кофе ууж суух түвшинд хараахан хүрээгүй байна. Үүнээс өмнө талуудын төлөөлөгчид ганц Украин биш, АНУ, ОХУ-ын хоорондын онцгой чухал асуудлуудыг ярилцаж, харилцан ашигтай шийдэлд хүрэх шаардлагатай байна” гэж ярьсан юм.

Мягмар гарагт Саудын Араб улсын нийслэлд АНУ, ОХУ-ын гадаад хэргийн сайд нараар ахлуулсан төлөөлөгчид уулзсан билээ.

Энэ нь Украины дайн эхэлсэн цагаас хойш талууд анх удаа өндөр түвшинд уулзсан хэрэг байв.

Уг уулзалтад Украин болон Европын төлөөллийг оролцуулаагүй нь тэдний ашиг сонирхлыг хөсөрдүүлэх вий гэсэн болгоомжлол үүсгээд байгаа.

Путин өчигдөр энэ талаар ярихдаа Украиныг хэн ч яриа хэлэлцээний гадна үлдээхийг хүсээгүй байхад АНУ, ОХУ-ын уулзалтад “хэтрүүлсэн” хариу үйлдэл үзүүлээд хэрэггүй гэж хэлжээ.

 

Эх сурвалж: Reuters