Уншиж байна ...
Зураг
Зураг

Ж.Сүхбаатар: Боловсролын байгууллага ашгийн төлөө байж болно гэснийг хуулиас хасах ёстой. Ингэснээр чанар сайжирна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 2 сарын 19
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Дээд болон мэргэжлийн боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэг өнөөдөр Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль(СЭЗИС)-д боллоо.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр хувьсан өөрчлөгдөж буй дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын шинэчлэлд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр судлаачид илтгэл танилцуулав. 

Эдгээрээс Монголын боловсролын хөгжлийн философийн үндэслэл сэдвээр танилцуулсан доктор М.Итгэлийн илтгэлийг онцолъё.

М.Итгэл: Монголчууд ерөнхийгөөс тусгай руу сэтгэдэг онцлогтой

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэлийн дурдсанаар монголчуудын нэг онцлог нь эхлэлийн цэгт анхаарал тавьдаг үндэстэн бөгөөд Санаа зөв бол Заяа зөв гэх мэтчилэн зүйр цэцэн үгэнд энэ нь тодорхой харагддаг байна. Мөн сэтгэлгээ нь үргэлж сайн сайхныг бэлгэддэг онцлогтой аж.

Хоёрдугаарт монголчууд юмыг гаднаас нь харж, гадаад байдлаар нь шинждэг байна. Энэ мэтчилэн монгол хүний онцлог шинж, зан байдалд үндэслэл монголчуудын үнэт зүйл, суралцагчийн дүр төрх ямар байхыг 2022 оноос хойш судалж, хэлэлцүүлгүүд зохион байгуулсны үндсэн дээр 

монгол суралцагч нь

  1. дэлхийн хүн
  2. хүнлэг иргэн
  3. хариуцлагатай гишүүн
  4. байнгын суралцагч
  5. соёлыг уламжлагч байна гэсэн дүр төрхтэй байх нь зөв гэж тодорхойлжээ. 

Энэхүү төрхийг бүтээхээр албан болон албан бус боловсрол нь ямар концепцтэй байхыг судалж, сургалтын агуулгыг шат дараатайгаар шинэчилж байгааг доктор М.Итгэл тодотгож байв. 2025 оны есдүгээр сард эхний үе шат буюу сургуулийн өмнөх болон бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хүлээлгэн өгөхөө тэрбээр өнөөдөр хэлснийг энд дурдах нь зүйтэй.

зураг
 

Доктор М.Итгэл "Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ), Эдийн Засаг, Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага(OECD) зэргээс өгч буй зөвлөмж зөвлөгөөний чиглэл нь улс орон хөгжье гэвэл глобалчлалыг дагах бус өөрийн улсын онцлогт тулгуурлах ёстойг хэлж байгаа. Бидний олж харж байгаа нь монгол сэтгэхүй, түүнийг яаж хөгжүүлэх вэ тухай юм. 

зураг
 

Монголчууд ерөнхийгөөс тусгай руу сэтгэдэг онцлогтой. Нарийн жижиг зүйл сэтгэх нь бага. Ерөнхийд нь харвал хууль дүрэм гаргахдаа дуртай ч яг хэрэгжүүлэх гээд өдөр тутмын ажлыг нь гаргахаар хойргоших хандлагатай нь ажиглагдсан. Иймд энэ сул талыг нөхөж, өдөр тутамд нь хянах нэг зүйл нь хиймэл оюун ухаан. Үүнийг боловсролтойгоо буюу үндэсний онцлог ба дэлхийн даяарчлалыг холбочихвол гүйцэд болохоор байна" гэв. 

Түүнчлэн дээд болон техникийн, мэргэжлийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал ба шийдлийн талаар илтгэгчдээс тодруулахад дараах хариултыг өгч байв.

зураг
 

Боловсрол судлаач Ц.Отгонмягмар: Мэргэжлийн болон техникийн боловсролд тулгамдаж буй асуудал нь хөтөлбөр. Хөтөлбөрийг дагасан санхүүжилт. Хөтөлбөр нь түвшин хоорондын уялдаагаа хангаж, хөтөлбөр сонгож буй оюутнуудаа дагаж санхүүжилт орж ирнэ. Хөрөнгө оруулалт, санхүүжилт сайн байвал сургалтын чанарт хамгийн сайнаар нөлөөлнө. 

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл: Ямар хүн бэлдэх вэ гэдэг дүр төрхийг эхлээд гаргах ёстой. Үүнд асуудал байна гэж бодож байгаа. Ялангуяа мэргэжлийн боловсрол дээр ийм чадамжтай, ийм хүн бэлдэнэ гэвэл түүнд зориулсан хөтөлбөрөө яаж хийх загвараа гаргана. Үр дүнд суурилсан, бүтээмжид суурилсан гээд олон төрлийн загвар бий. Гол нь гарч буй хүн нь ямар байх вэ гэдгийг тодорхойлоогүйгээс л асуудал үүсэж байгаа. Шийдэл нь ямар чадамжтай боловсон хүчнийг бэлдэхээ тодорхойлох ёстой. Суралцагчийн дүр байхгүйгээс загварууд хийчхээд байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн Зөвлөх профессор Ж.Сүхбаатар: Хамгийн их санаа зовох асуудал нь дээд болон мэргэжлийн боловсролын чанарын асуудал. Чанарын асуудлыг шийдэхийн тулд сургуулиуд бие даасан, хараат бус байх ёстой. Тэгж байж өндөр мэргэжлийн эрдэмтэн профессор, докторууд маань эрдмийн эрх чөлөөгөө эдэлж, сургалтаа шилдгээр явуулах ёстой гэж харж байна. Хувийн сургууль ашгийн төлөө ажиллаж байгаа нь байж болохгүй асуудал. Үүнийг шийдэхийн тулд Боловсролын хуульд байгаа боловсролын байгууллага ашгийн төлөө болон ашгийн бус байж болно гэдэг заалтаас ашгийн төлөө гэдгийг нь хасах ёстой. Ингэснээр удирдлага зохион байгуулалтаа хийгээд, чанараа сайжруулаад явах юм. Мөн чанарыг сайжруулахын тулд сургалтыг судалгаагаар дэмжих нь зөв. Судалгаанд зориулсан төсөв бий болгоод улсын хэмжээнд хөгжүүлээд явбал сургалтын чанар сайжрахаас гадна улс хөгжинө. Хөгжсөн орон гэдэг бол асуудлаа шийдсэн орон байхаас биш өндөр байшин, гоё машинтайг хэлэхгүй.

СЭЗИС-ийн реактор Б.Мөнхбаяр: Сургуулиуд өөрсдийн сургалт судалгааны ажлаар дамжуулан улс орныхоо нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Үүний тулд ажил үүргийн хуваарьт ормоор байна. Чаддаг чаддаг зүйлээ зарлаад хоорондоо өрсөлдөх биш хамтраад нэгдсэн зорилгыг биелүүлэхийн төлөө хамтардаг соёл байвал дээд болон мэргэжлийн, техникийн боловсрол хөгжинө. Хамтын ажиллагааг сайн хөгжүүлэх ёстой. Хоёрдугаарт технологийн өөрчлөлтийг боломж болгон ашиглах хэрэгтэй.

"Инженерүүд хаана байна вэ, танай улсад инженер илүү хэрэгтэй шүү дээ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт-II" төслийн олон улсын зөвлөх Андре Перр "Мэргэжлийн сургалтын байгууллагууд болон дээд боловсрол олгож буй сургуулиуд компаниудтай хамтын ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй. Судалгааг зөвхөн лабораторийн орчноор хязгаарлахгүй практик дээр туршиж, эдийн засгийн үр ашигт хүрэх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн парктай хамтарч ажиллаж болно. Энэ л чухал хөгжил. 

Их, дээд сургуулиуд бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахад өөрсдөө манлайлаад оролцвол үр дүнг нь харах болно. Үүнд Засгийн газар оролцох шаардлагагүй. Гэвч сургуулиуд Засгийн газраасаа хараат, тусламж хүссэн байдалтай байна. Бие даах хэрэгтэй. 

Манай төслийн багийнхан гарцад суурилсан тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж буй бөгөөд зарим сургуулийн захирлаас жишээ нь "Танай сургууль үсчин эсвэл инженер бэлтгэх төсөв хэд вэ" гэж асуухад мэдэхгүй байх тохиолдол байдаг. Уг нь тэд мэддэг байх ёстой. 

Бас ямар мэргэжилтэн бэлтгэх нь эдийн засагт чухал вэ гэдгийг боддог байх ёстой. Сургуулиуд юу хийж байна гээд харахаар зарим нь тухайн бүсдээ ихдэхүйц олон үсчин бэлдэж байна. Гэхдээ инженерүүд хаана байна вэ? Танай улсад инженерүүд хэрэгтэй шүү дээ.

Энэ бол манай төслийнхний анхаарч ажиллаж буй зүйл нь юм" гэлээ.