Уншиж байна ...
Зураг

Р.Гантулга: Богино зайн морин уралдааныг энэ сарын 22-нд зохион байгуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 2 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын морин тойруулга, ойрын зайн уралдаан, уяачдын холбооныхон өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус холбооны тэргүүн Р.Гантулга "Манай холбоо цэвэр цусны англи, араб морьдын уралдаан зохион байгуулах, мэргэжлийн морь унаач бэлтгэх зорилгоор 2021 онд байгуулагдсан. Энэ хүрээнд олон ажил хийсний нэг нь Монголд анх удаа "Хан Монгол Морьтон" байгууллагатай хамтран насанд хүрсэн 20 хүнийг мэргэжлийн морь унаач болгон бэлтгэсэн.

Мөн 2022 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Хүй долоон худагт ойрын зайн 4,500 метрийн уралдааныг зохион байгуулсан туршлагатай. 

Түүнчлэн манай холбооны зүгээс БНСУ, АНУ, Япон, БНХАУ-ын морин тойруулгын тэмцээнийг судалж, хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа хангасан. 

Манай улсад ойрын зайн морин уралдаан зохион байгуулахад хүндрэлтэй олон асуудал бий. Одоогоор Монголд хууль эрхзүйн орчин алга. Энэ хуулийг нэн яаралтайгаар зохих байгууллага буюу Хууль Зүй Дотоод Хэргийн яамнаас санаачлаад УИХ-аар батлуулах шаардлагатай байна.

2023 онд одоогийн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тус яамны сайд байхдаа бооцоот морин уралдааны хууль, таавар тоглоомын хууль, казиногийн хууль гэдгийг санаачлаад УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь энэ хуулийн төсөл хэрэгжих эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Холбооны зүгээс энэ спортыг хөгжүүлэх зорилгоор F1 ангиллын 1,700 метрийн ойрын зайн уралдааныг долоо хоног бүрийн Бямба, Ням гарагт Хүй долоон худгийн хурдан морин уралдааны талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Анхны тэмцээнээ энэ сарын 22-нд зохион байгуулахаар төлөвлөж буй. "Mongolian Breeders Cup 2025" тэмцээн дээд гурван насны ангилалд шүдэлж оролцуулна. 

Манай Засгийн газраас өвөл, хаврын цагт морин уралдаан зохион байгуулж болно. Гэхдээ 18 насанд хүрсэн хүн уралдуулах тогтоол гарсан. Энэ дагуу уралдааныг зохион байгуулах юм.

Богино зайн морин уралдааныг стандартын дагуу бичиг баримттай, бүртгэлжүүлснээр гадагшаа урсаж буй валютыг эх орондоо үлдээх, цаашлаад хөрш зэргэлдээ улсуудад морь худалдах зэргээр орлого олох бүрэн боломжтой болно" гэж ярилаа.