Нэгдүгээр сарын 28-ны өдөр Өмнөд Солонгосын хоёр дахь том хот Бусаны нисэх буудалд Air Busan компанийн онгоцонд гал гарсны улмаас 169 зорчигч, хөлгийн багийн долоон гишүүнийг нүүлгэн шилжүүлж байв.
Уг галын шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа ч зорчигчийн гар тээшинд байсан батарей шатсанаас үүдэлтэй гэж таамаглаж байгаа юм.
Тэгвэл гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Өмнөд Солонгосын бүх агаарын тээврийн компаниудын нислэгийн аюулгүй байдлын журмын батарейтай холбоотой заалтыг чангатгах болсныг тус улсын засгийн газар өчигдөр зарлажээ.
Энэ өдрөөс эхлэн зорчигчид тээшинд авч яваа “power bank” зэрэг зай хураагуурын төрлийн төхөөрөмжүүдээ тусгай хамгаалалттай, тунгалаг гялгар уутанд хадгалах, туйлуудыг нь туузаар ороож тусгаарлах арга хэмжээ авахаар болж байна.
Бас суудлын дээрх ачааны тавиурт батарей, электрон тамхи зэргийг байрлуулахыг хоригложээ.
“Зөөврийн батарейгаас үүдэлтэй галын аюулаас сэргийлэхийн тулд бид ийм арга хэмжээ авахаар шийдлээ. Air Busan компанийн онгоцны осол ийм шалтгаантайг эцэслэн тогтоовол бид олон улсын иргэний нислэгийн байгууллагатай зохицуулалтыг чангатгах асуудлаар ярилцах болно” гэж Өмнөд Солонгосын зам тээврийн яамны төлөөлөгч өчигдөр мэдээлсэн байна.
Батарей хадгалах тусгай хамгаалалттай уутыг нислэгийн бүртгэлийн хэсэг болон онгоцны бүхээг дотор байрлуулахаар төлөвлөжээ.
Бас зорчигч бүрийн гар тээшиндээ авч онгоцонд оруулах батарейн тоог хязгаарлахаар болсон байна.
Үүнтэй холбогдуулан ачаа тээшний хяналт шалгалтыг чангатгахаар болжээ.
Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаанаар олон батарей авч зорчих бол тусгай зөвшөөрөл авч, тээшиндээ тусгай тэмдэглэгээ бүхий шошго наалгах ёстой болж байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!