Япон улсын хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч Хонда Мотор компани энэ оны долдугаар сараас эхлэн программ хангамжийн инженерүүд болон өөр бусад чухал мэргэжилтнүүдийг тэтгэврийн насны хязгааргүй болгож байгааг энэ долоо хоногт зарлажээ.
Өөрөөр хэлбэл дурдагдсан ажил мэргэжлийн хүмүүс 65 нас хүрсэн ч заавал тэтгэвэрт гарах албагүй болж байгаа юм байна.
Үүнээс гадна Хонда компани 2025 оны санхүүгийн жилээс эхлэн таван жилийн хугацаанд цахилгаан хөдөлгүүр болон автомат жолоодлоготой автомашины технологийн чиглэлээр инженерүүдээ сургах бэлдэхэд 15 тэрбум иен ($100 сая орчим) зарцуулахаар болсныг зарлажээ.
Дээрх арга хэмжээнүүд нь өндөр ур чадвартай инженерүүдийг татаж ажиллуулах нөхцөл болно гэж үзэж байгаагаа Хонда компанийн дэд ерөнхийлөгч Нория Кайхара илэрхийлсэн байна.
Үүнээс гадна мэдээллийн технологийн инженерүүдийн ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор тус компани Осака, Токио хотуудад шинэ оффисууд нээхээр болжээ.
Инженерүүдээс гадна бизнесийн инновац, шилжилтийн гол чиглэлүүдэд ажилладаг зарим ур чадвартай мэргэжилтнүүдийн тэтгэврийн насны босгыг цуцалж, жилийн цалингийн хэмжээг нь 2-3 сая иенээр өсгөх болсныг зарласан байна.
Өнгөрсөн оны тавдугаар сард Хонда компани ирэх 10 жилийн хугацаанд цахилгаан хөдөлгүүртэй болон автомат жолоодлоготой автомашины технологи хөгжүүлэхэд 10 их наяд иений хөрөнгө оруулах төлөвлөгөөг зарлаж байжээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!