Уншиж байна ...

Хятадын ачааны хөлөг тэнгист эвдэрсэнтэй холбогдуулан Оросын Сахалинд онц байдал зарлалаа

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

Хятадын ачааны хөлөг эвдэрч, эргээс холгүй хайрдсантай холбогдуулан ОХУ-ын Сахалин мужийн захиргаа онц байдал зарлажээ.

Нүүрс, хүнд түлш ачсан “Ань Ян 2” хөлөг жолоодлогоо алдаж, Сахалин арлын баруун өмнөд Невельский дүүргийн эргээс 200 орчим метр зайд хайрдсан тухай мужийн захирагч Валерий Лимаренко өчигдөр Телеграм хуудсаараа мэдээлсэн байна.

Одоогоор тэнгисийн усанд түлш асгарсан шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа ч онц байдал зарлаж, ямар ч тохиолдолд бэлтгэлтэй байх шаардлагатай болсныг тэр мэдэгджээ.

Хөлөг дээр 20 хүн байгаа бөгөөд цаг агаарын таагүй нөхцөл байдал тэднийг аврах боломж олгохгүй байгаа гэнэ.

Сахалины эрх баригчид эвдэрсэн хөлгөөс түлшийг соруулж авахаар бэлдэж эхэлжээ.

зураг
 

Энэ оны эхээр Крымийн ойролцоох Керчийн хоолойд хоёр ачааны хөлөг шуурганд сүйрсний улмаас их хэмжээний мазут Хар тэнгист асгарсныг одоо хүртэл цэвэрлэж байгаа.

Өчигдөр буюу Ням гарагт Оросын бас нэг түлш ачсан хөлөг Балтийн тэнгист эвдэрсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Тухайлбал “Koala” нэртэй уг хөлөг 130,000 тонн түлш ачиж явжээ.

“Эх сурвалжуудын мэдээлснээр хөдөлгүүрийн өрөөнд хэд хэдэн дэлбэрэлт болсны дараа хөлөг усаар дүүрч эхэлжээ” гэж Оросын хууль хүчний байгууллагуудтай ойр ажилладаг База Телеграм суваг мэдээлсэн байна.

зураг
 

Сүүлд Ленинград мужийн захирагч Александр Дрозденко хөлөг тэнгист осолдсон тухай мэдээг баталжээ.

Осол Санкт Петербург хотоос баруун зүгт 150 км зайтай оршдог Усть-Луга боомтын ойролцоо гарсан юм байна.

Хөлгийн багийн 24 гишүүнийг бүгдийг аварч, эрэгт гаргах боломжтой байгааг орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Осолдсон хөлөг Карибын тэнгисийн Антигуа ба Барбуда улсын далбаан дор үйл ажиллагаа явуулдаг юм байна.

 

Эх сурвалж: Associated Press