Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хиймэл оюунд зориулсан Tier IV ангиллын ногоон дата төв байгуулах төслийг эхлүүлэх талаар дараах мэдээллийг өглөө.
Одоо байгаа Үндэсний дата төвийн ашиглалт, дүүргэлт 90 гаруй хувьд хүрээд байгаа ба нэмж дата төв байгуулахгүй бол дижитал шинэчлэлийн ажил гацах эрсдэлтэй гэв.
Tier 4 түвшний стандарт шаардлага хангасан дата төвтэй болсноор Microsoft, Google гэх мэт компанийн бүтээгдэхүүнүүдийг монголдоо байршуулах боломжтой болно зэрэг эдийн засгийн боломжууд нээгдэх ч эрчим хүчний асуудал тулгарч байгаа аж. Иймд эрчим хүчний асуудлыг шийдсэнээр хиймэл оюуны тооцоолол хийх хүчин чадал ихтэй процессорууд ажиллах, их өгөгдлийг найдвартай хадгалах боломж нээгдэнэ гэв.
Уг төвийг Хүннү хотод /Улаанбаатар хотын дагуул хот болохоор төлөвлөгдөж буй хот/ байгуулахаар зураг төслийн ажлыг эхлүүлээд байгаа юм байна.
Tier IV ангиллын олон улсын хамгийн сүүлийн үеийн дата төвийг барьж чадвал төвөөс гарах ашиглагдахгүй дулааныг дулаан дамжуулагчаар дамжуулж төвлөрсөн дулааны шугам сүлжээнд нийлүүлж дулааны тогтвортой байдлыг хангах боломжтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!