Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, төр, хувийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх 33 төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, зохион байгуулах ажил, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилгын ажлын явц, Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцын ажлын явц болон үер, ус ихээр тогтдог байршлуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Төв аймгийн Баян сум болон нийслэлийн Багахангай дүүрэг хоёрын заагт хоёр блок бүхий 660 МВт цахилгаан станцыг барих бөгөөд тус станцыг барих талбай нь Төв аймгийн Баян сумаас ойролцоогоор 3 км, Багахангай дүүргийн төвөөс 2 км-ийн зайтай байх юм байна.
Төслийн явцын талаар Эрчим хүчний төслийн нэгжийн захирал Р.Дагдан “Баянгийн цахилгаан станцын төслийн ТЭЗҮ, урьдчилсан судалгаа, бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн PPA гэрээг байгуулж, төслийн талбайн хашаа, барилга угсралтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн.
Төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлуулах ажил хуваарийн дагуу үргэлжилж байна” гэв.
Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажил 2023 онд эхэлсэн бөгөөд зуухны угсралт 40 хувийн гүйцэтгэлтэй, нийт барилга угсралтын гүйцэтгэл 25 хувьтай, зуухны барилга болон үндсэн барилга битүүлэлтийн ажил дуусжээ. Тус блокийг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна.
Энэ онд төвийн бүсийн эрчим хүчний системийн тойрог сүлжээг бий болгохоор Төв аймгийн Сэргэлэн сумын чиглэлд 84.5 км урттай 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэх бол Бөөрөлжүүт цахилгаан станцын III блокийн суурийн ажлыг эхлүүлэх, станцын ногоон байгууламж, тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!