Хятадын компанийн эзэмшдэг сошиал платформ ТикТок одоо АНУ-ын эрх баригчдын толгойн өвчин болоод байгаа.
Уг платформыг хэрэглэдэг 170 сая америкчуудын хувийн мэдээлэл Бээжингийн эрх баригчдын гарт ордог байж болзошгүй гэсэн болгоомжлол үүнтэй холбоотой.
Өнгөрсөн оны хавар Конгресс тус платформын АНУ-ын зах зээлд үйлчилдэг хэсгийг Америк компанид зарахгүй бол үйл ажиллагааг нь хориглох хуулийг баталж байв.
Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн өдрөө уг хоригийн хэрэгжиж эхлэх хугацааг 75 хоногоор хойшлуулах захирамж гаргасан юм.
Энэ хугацаанд Америкийн аль нэг компани ТикТокийг худалдаж авахгүй бол АНУ-ын зах зээлд бүрэн хориглогдоно.
Одоогоор ТикТокийг худалдаж авах санаагаа “Shark Tank” шоуны шүүгч Кэвин О Лэри, Лос-Анжелес Дожерс клубын эзэн Фрэнк Маккурт зэрэг хэд хэдэн хөрөнгө оруулагч илэрхийлээд байгаа.
Зарим хүмүүс 2022 онд Твиттерийг худалдан авч Х нэртэй болгосон дэлхийн тэргүүн баян Илон Маскийг авч магадгүй гэж таамаглаж байна.
Харин Маск саяхан Германд болсон бизнесийн чуулганд видео холбоогоор оролцохдоо үүнийг няцаажээ.
Тэрбээр Твиттерийг худалдаж авснаа өөрийнх нь хувьд “маш ховор”, “онцгой” тохиолдол байсныг энэ үеэр хэлсэн байна.
Америкчуудын үг хэлэх эрх чөлөөг хадгалж, хамгаалж үлдэхийн тулд “маш хэцүү” бөгөөд “нэлээд зовлонтой” энэ наймааг хийснээ Маск тайлбарлажээ.
“Би компаниудыг эхнээс нь үүсгэн байгуулахыг илүүд үздэг” гэж хэлсэн тэрбээр Твиттерийг авсан шалтгаан нь мөнгө санхүүгийн сонирхол биш байсныг илэрхийлсэн байна.
“ТикТокт үүнтэй ижил логик үйлчлэх эсэхийг би мэдэхгүй байна. Би юмсыг худалдаж авахдаа ганцхан эдийн засгийн үр ашиг хардаггүй. Одоохондоо ТикТокийг авахын эдийн засгийн бус зорилго юу байх нь надад тодорхой харагдахгүй байна” гэж Маск хэлжээ.
Хятадын эзэмшигч ByteDance компани ТикТокийг зарах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн. Тиймээс ерөнхийлөгч Трамп ямар нэг шахалт үзүүлж, арга хэмжээ авахгүй бол энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн тус платформ АНУ-ын зах зээлд хаагдахаар болоод байна.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!