Бямба гарагт Испанийн кино урлагийн дээд арга хэмжээ болох Олон Улсын Гойа Наадмаас шагнал хүртсэн Америкийн домогт жүжигчин Ричард Гир дэлхий дахинд авторитар үзэл газар авч байгааг анхааруулахдаа ерөнхийлөгч Дональд Трампыг “дээрэмчин”, АНУ-ыг “харанхуй газар” гэж нэрлэжээ.
75 настай тэрбээр Испанийн жүжигчин Антонио Бандерасын гараас тус наадмын хүндэт шагналыг “кино урлагт оруулсан онцгой хувь нэмэр”-ийнхээ төлөө хүлээж авсан юм.
“Дээрэмчин, дээрэнгүй ерөнхийлөгчтэй Америк өнөөдөр маш харанхуй газар болоод байна. Авторитар үзэл хаа сайгүй тархаж байна” гэж Гир энэ үеэр хэлжээ.
Тэр бас ерөнхийлөгч Трамп, тэрбумтан Маск нарын түншлэлийг урьд өмнө хэзээ ч үзэгдэж байгаагүй эрх мэдэл, мөнгө хоёрын “бурангуй нэгдэл” гэж нэрлэсэн байна.
“Эдгээр хариуцлагагүй, аюултай тэрбумтнууд яг одоо Америкт бүх зүйлийг удирдаж байгаа нь энэ гаригийн бүх хүмүүст аюул учруулж байна” гэж Гир хэлсэн юм.
Гир өнгөрсөн онд 41 настай испани гэргий Алехандра Силва, хоёр хүүгийн хамт АНУ-аас Мадрид хотод шилжин суурьшжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!