Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын "Intel Extreme Masters Katowice 2025" тэмцээн 11 өдрийн турш зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө.
Манай улсын "The MongolZ" баг дэлхийн чансааны гуравдугаар байрт эрэмбэлэгдсэн учраас тус тэмцээнд хэсгийн шатнаас урилгаар оролцсон юм. Улмаар хэсгээсээ хоёрдугаар байраар гарч, шөвгийн дөрөвт Францийн "Team Vitality" багт хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн.
"The MongolZ"-ийн хөвгүүд 1.2 сая ам.долларын шагналын сантай өндөр чансаатай томоохон тэмцээнд 3-4 дүгээр байр эзэлсэн нь Монголын төдийгүй Азийн "Counter Strike 2" тоглоомын түүхэнд нэгэн том амжилт болсон билээ.
Тэд хоёр дахь удаагаа олон мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийн өмнө нь тоглолоо. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохиогдсон Шанхайн дэлхийн аваргад цэнгэлдэх хүрээлэнд анх удаа тоглож, эхний учраандаа ялагдал хүлээсэн.
Харин энэ удаад Польшийн Катовице хотын 11 мянган хүний суудалтай "Spodek" цэнгэлдэх хүрээлэнд Туркийн "Eternal Fire" багийг хожсоноор өмнөх амжилтаа дахин нэг шатаар ахиулж чадлаа. Мөн энэ тэмцээнээс нийт 108,000 ам.доллар буюу 370 гаруй сая төгрөгийн шагналыг хүртсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!