"Ялтын бага хурал-80 ба Монгол Улс" сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-нд зохион байгуулагдлаа.
Энэхүү хурлаар Ялтын гэрээний түүхэн ач холбогдол, үр нөлөөний талаар судлаачид тал талаас нь ярилцаж, судалгааны дүнг хэлэлцсэн юм.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяраас Ялтын гэрээний түүхэн ач холбогдлын талаар тодруулахад "Японы эсрэг дайнд АНУ ЗХУ-ыг оролцуулахтай холбоотойгоор Ялтын бага хурлаар маш чухал хэлэлцээрийг байгуулсан. Яагаад ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулах болсон бэ гэхээр АНУ дангаараа Японы эсрэг дайнд, ялангуяа Хятадын нутаг дэвсгэр дээр квантуны армийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад асар өндөр өртөгтэй байсан. Квантуны 1.2 сая бүрэлдэхүүнтэй, асар олон жилийн хориглолтын бэхлэлт хийсэн Зүүн Хойд Хятадад болбол улаан армийн цэргийн ангиудыг оролцуулах явдал байв.
ЗХУ нь Японтой төвийг сахисан гэрээтэй байсан учраас Японы эсрэг дайнд орохын тулд тодорхой болзол тавьсан.
Нэгдүгээрт гадаад Монгол(БНМАУ)-ын статус-квог хэвээр хадгалах. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах засаглал тогтоосон. Энэ бодит байдлыг их гүрнүүд хүлээн зөвшөөрөх явдал. Учир нь 1945 он хүртэл Монгол Улсын олон улсын эрх зүй нь хоёрдмол утгатай байв. Зөвлөлтийн нөлөөн дор мөртөө олон улсын эрх зүйн дагуу Хятадын бүрэлдэхүүн хэсэг байсан. 1924 оны тавдугаар сарын 31-ний Зөвлөлт, Дундадын хэлэлцээрийн 5 дугаар зүйлд Гадаад Монгол болбол Хятадын бүгд найрамдах улсын салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн байлаа. Энэ асуудал хоёрдмол байсан учраас нэг мөр шийдвэрлэх ёстой байв. Статус-кво гэдэг нь одоогийн бодит байдал гэсэн үг.
Их гүрнүүд үүнийг хүлээн зөвшөөрснөөр Ялтын гэрээний энэ заалт 1945 оны 6-7 дугаар сард Москвад явагдсан ЗХУ Дундад улсын хэлэлцээр гэж бий. ЗХУ Японы эсрэг дайнд Зөвлөлт Хятадын нутаг дэвсгэр рүү орох гэж байгаа учраас Хятадтай холбоотой гэрээ байгуулах зайлшгүй шаардлага үүссэн. Энэ хэлэлцээрийн үед Хятадын тал Ялтын гэрээний Гадаад Монголын статус-кво гэдгийг асар хүчтэй эсэргүүцсэн байдаг. Гадаад Монгол болбол Хятадын салшгүй бүрэлдэхүүн хэсэг Гадаад Монголыг тусгаар тогтнуулж болохгүй. Тиймээс дээд зэргийн автономит эрх олгоё, гадаад харилцаа, гадаад Монголд бие дааж шийдвэрлүүлэх, зөвлөлтийн цэрэг Гадаад Монголд байж болно гэх зэрэг нөхцөлийг Чан Кайши тавьж байсан. Харин И.Сталин ийм зүйл байхгүй. Бүгд Найрамдах Монгол Улсын статус-квог хүлээн зөвшөөрнө гэдэг нь Бүгд Найрамдах Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг гээд маш том нөлөө үзүүлсэн. Ингээд Хятадын тал ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулахын тулд арга буюу И.Сталиний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн.
Оронд нь нэг нөхцөл тавьсан нь Японыг бууж өгсний дараа Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо санал хураалтаар үүнийгээ нотолбол Бүгд Найрамдах Монгол Улсын хил хязгаарыг одоогийн байгаа хилээр нь хүлээн зөвшөөрье гэж. Өөрөөр хэлбэл Ялтын хэлэлцээрээр Бүгд Найрамдах Монгол Улсын статус-кво зургаадугаар сард Москвад болсон Зөвлөлт, Дундадын хэлэлцээрийн гол эрх зүйн үндэс болж байгаа. Үүний дагуу 1945 оны аравдугаар сарын 25-нд Монгол Улс тусгаар тогтнолынхоо санал хураалтыг 100 хувь өгсөн. Үүнийг нь үндэслэж 1946 оны нэгдүгээр сарын 5-нд Хятадын БНУ буюу Чан Кайши Монгол Улсын тусгаар тогтнолыг де-факто хүлээн зөвшөөрч, хоёрдугаар сарын 15-нд нь БНМАУ Хятадын БНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоод хоёр улс бие биенийгээ де-юре хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Энэ эрх зүйн гол үндэслэл нь бол 1949 онд БНХАУ байгуулагдаад, 1950 онд ЗХУ БНХАУ-ын хооронд найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулахад 1945 оны Монголын ард түмний санал хураалтын үр дүнг БНХАУ мөн дахин хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.
Ингэж 1945 оноос Монгол Улс БНХАУ-аас бүрэн хамааралгүй олон улсын эрх зүйн бие даасан субъект болж гарч ирсэн түүхтэй" хэмээлээ.
"Монголын асуудлаарх Зөвлөлт-Дундад иргэн улсын хэлэлцээ ба гэрээ" сэдвээр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, профессор Д.Баярхүү "Тухайн үед И.Сталиний тавьж байсан 3-5 шаардлага бий гэдэг. Миний хувьд гурван шаардлагыг нь харсан. Үүнд Монгол, Зөвлөлтийн найрамдлын талаар нэг ч үг байхгүй. Геостратегийн, цэрэг дайны гурван шаардлагыг Хятадын талд тавьсан.
Нэгдүгээрт ар Монгол бол Сибирийн зүүн хэсгийг хамгаалах геостратеги, геополитикийн буффер бүс байна. Цэрэг дайны бодлогын маш чухал газар учраас ЗХУ өөрсдийгөө хамгаалах хууль эрх зүйн үндэстэй. Энэ хуулийн дагуу Монголыг танайхаас гаргах хүсэлтэй байна.
Хоёрдугаарт ар Монгол бол Хятадтай ч, ЗХУ-тай ч нэгдэхийг хүсэхгүй бөгөөд тусгаар тогтнохыг хүсэж байна. Хятад улс ар Монголыг төлөөлөхгүй, ар Монгол нь Хятад улсыг төлөөлөхгүй учраас Хятад улс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх нь зүй ёсны хэрэг.
Гуравдугаарт ЗХУ ба Японы харилцаа. Япон улс 20-30 жилийн дараа эргэн хүчирхэг болоод дахин дайн өдөөж мэдэх тул ЗХУ, Японы дараагийн дайн Алс Дорнод, магадгүй Монголд өрнөж магадгүй. Эдгээр шалтгааны улмаас ар Монголыг гаргахыг шаардана гэсэн байдаг.
И.Сталин Ялтын бага хурлын дараа шууд энэ асуудлыг Дундад иргэн улсад тавилгүй маш нууцалсан. Гурван гүрний удирдагчаас өөр үүнийг хэн ч мэдээгүй. 1945 оны зургаадугаар сард АНУ-ын Элчин сайд нь Чан Кайшид Ялтын нууц тохиролцоог албан ёсоор санал болгосон. Ингэхдээ ЗХУ-тай хэлэлцээ хий гэж тулгасан" хэмээв.
Харин өнөөдөр зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний хурлын талаар Шинжлэх Ухааны Академи(ШУА)-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо "Одоогоос 80 жилийн өмнөх Крымийн арал дээр Ялтын гэрээ байгуулагдаж байв. Үүнийг хэлэлцээр, зарим хүн тохиролцоо гэх нь ч бий.
Энэхүү үйл явдлыг тэмдэглэн хийж буй ээлжит хурал маань өнөөдөр болж байна. Дэлхийн II дайн дууссан, тухайн үеийн БНМАУ-ын цэрэг Японы эсрэг дайнд оролцсон, аравдугаар сард бүх нийтээрээ тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн зэрэг олон үйл явдлын гол цэг нь Ялтад 1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд болсон хурал.
Ялтын гэрээний 70, 75 жилийн ойгоор мөн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байв. Бидний судалгаа улам ахиж, түүхэн үнэнд ойртсоор байгаа. Түүхэнд "цагаан толбо" байж болохгүй. Бараан байлаа ч бодит үнэнтэйгээ ойр байх ёстой. Тухайн үед нууцад авагдсан материалууд тухайлбал Орос, Америкт хуулийнхаа дагуу ил болж байна. Энэ нь илүү бодитоор харахад чухал.
Мөн хэлэлцүүлгийн үеэр судлаачид зөвхөн гадаадууд монголчуудад туслаад байсан асуудал биш, монголчууд 1911 оноос хойш 1921 оны хувьсгалаар дамжаад 1945 онд манай улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах хүртэл олон зүйл хийсэн гэдгийг хэлж байна.
1913 онд Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн тухайн үеийн Хаант Оросын Эзэн хаан II Николайтай уулзаад Монгол Улсын тусгаар тогтнолыг дэмжүүлэх талаар санал бодлоо солилцож байсан тэр танхимд нь 1945 онд дэлхийн гурван их гүрний удирдагч цуглаад БНМАУ-ыг хүлээн зөвшөөрье гэж шийдсэн байдаг. Монголчууд өөрсдийнхөө тусгаар тогтнолынхоо төлөө чадах чинээгээрээ хичээж байсан, бүхнийг гаднаас бэлэг болгож авсан хүмүүс биш гэдгийг судлаач багш нар маань хэлж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!