2025 оны хоёрдугаар сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн махыг худалдаалж эхэлсэн бол хоёрдугаар сарын 10-наас 179 дэлгүүрт, хоёрдугаар сарын 15-наас 446 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулах юм байна.
Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн "Нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулж 10,000 тонн нөөцийн махыг нийлүүлэх ажлын явц 87.3%-д хүрсэн.
Нийт нөөцийн махны 40% үхрийн мах, хонины мах 60%-ийг эзэлж байна. Хонины нэг килограмм махны үнэ 11,800, үхрийн мах 13,800 төгрөгөөр борлуулагдаж байгаа нь зах зээлийн үнэ ханшаас 25-30%-аар хямд юм.
10 ААН нөөцийн махыг нийлүүлэх тендерт шалгарсан. Өнгөрсөн долоо хоногт эдгээр аж ахуйн нэгжийн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, түүний нөөц агуулахын стандарт шаардлага эрүүл ахуйн байдалд шалгалт хийлээ.
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 15-наас 446 хүнсний дэлгүүрээр жижиглэн савласан нөөцийн махыг худалдан борлуулна. Хоёрдугаар сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн махыг худалдаалж эхэлсэн бол өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-наас 179 дэлгүүрт борлуулж эхэллээ.
10 ААН-ээс Эрдэнэтийн "Эрдэнэт мах маркет", "Жаргал мах маркет" болон "Мах импекс" ХХК нийслэлийн нөөцийн махыг нийлүүлж байна. Чойбалсан хотод Чойбалсан группийн мах бэлтгэх үйлдвэр, Дархан-Уул аймагт "Дархан meat" зэрэг үйлдвэрүүд нөөцийн махыг бэлтгэж, нийслэлд хүргэх юм.
Энэ жилийн хувьд нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн гэдгээрээ онцлогтой" гэж мэдээллээ.
Үхэр, хонины нөөцийн мах нь 2.5-3 килограммаар савлагджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!